Монголбанк энэ онд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ буюу инфляцыг зургаан (+,-2) хувьд байлгах зорилт тавьсан. Үүнийг 4-8 хувийн хооронд байлгах зорилт гэж ойлгох хэрэгтэй. Тэгвэл хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 8.9 хувиар өсөв. Улаанбаатар хотын хэмжээнд 9.1 хувиар өсөж, Төвбанкны тавьсан зорилтоос давлаа.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн сард 2020 оны мөн үеийнхээс 8.9 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.7 хувиар дээшилсэн нь нөлөөлжээ. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүнийх 16.8, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.6 хувиар нэмэгджээ. Түүнчлэн согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 3.8, хувцас, бөс бараа, гутлын бүлгийнх дөрөв, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшнийх долоон хувиар өссөн байна. Мөн эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.4, тээврийнх 16.3 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн аж. Шатахууны үнэ долдугаар сард 40 хувиар өссөн нь тээврийн бүлгийн үнэ нэмэгдэхэд голлон нөлөөлсөн юм.