Дорнод аймгийн Матад сумын нутаг дахь “Петро-чайна дачин Тамсаг” компанийн газрын тосны XIX талбайг аалзны тор шиг хэрсэн, хамгаалалтын тоноглолгүй, 10 болон 15 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нүүдлийн шувуудад аюул учруулж буй асуудлаар Монголын шувуу хамгаалах төвийн судлаачид өнгөрсөн жилээс дуугарч эхэлсэн. Хамгаалалтын тоноглолгүй, байгальд ээлгүй өндөр хүчдэлийн шугамд хүрэх, суух үедээ цахилгаанд цохиулж эндсэн шувуудын дийлэнх нь идлэг шонхор, шилийн сар зэрэг манай орны экосистемийн хоёр гол төлөөлөгч байсан учир тус төвийнхөн энэ асуудлаар БОАЖЯ-нд хандаж, албан бичиг хүргүүлжээ. Харин яамны удирдлага зөвшилцсөний үндсэн дээр эл зөрчлийг арилгуулахаар “Петрочайна дачин Тамсаг”-ийн дэд ерөнхийлөгчид албан тоот хүргүүлсэн байна. Цахилгаан дамжуулах агаарын шугамуудыг үе шаттайгаар сольж, аюулгүй болгохыг шаарджээ. Хэрэгжүүлээгүй тохиолдолд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг нь батлахгүй байх, хариуцлага тооцох талаар албан бичигт дурдсан аж.
Монголын шувуу хамгаалах төвийн захирал П.Ганхуяг “Мэнэнгийн талд байдаг тус талбай бол Монгол орны шувуудын оршуулгын газар боллоо. Удаан хөөцөлдсөний эцэст холбогдох байгууллагад шаардлага хүргүүлэв” гэлээ.
Ташрамд дурдахад, судлаачид өнгөрсөн жил энэ хэсгийн шугам дагуух долоон км газраас 161 шувууны сэг зэм илрүүлсний 26 нь нэн ховор, ховор ангиллын жигүүртнийх байжээ.