Эргэн тойрныхон бүгд эмч, сувилагч болох шахаж байна. “Ковид-19”-ийн халдвар авсан нэгэнд зөвлөгөө хэр өгч байгаагаар нь тухайн хүний ярих чадварыг хэмжиж болох ч юм шиг. С аминдэм 1000, харин D бол 4000 мг-тайг өдөрт нэг ширхгийг ууна. Халуурвал, эсвэл урьдчилан сэргийлж парацетамол ууна. Вирусийн эсрэг антибиотик нэгийг заавал сонгоно. Үнэ өндөртэйхөн шиг бол ямар нь ч байсан болно. Яагаад гэвэл яг коронавирусийн эсрэг үйлчилгээтэй нь үгүй тул энэ дэлхий дээр байдаг антибиотикуудаас аль таалагдсанаа эмийн сангаас авна гэх нь холгүй байна. Ингэж дураар авирлах үндэслэл бий. Учир нь шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүмүүст өрхийн эмнэлгүүдээс нь олгож буй эмчилгээний “70 мянгын” гэх багцыг тухайн байгууллага яг л ийм зарчмаар бүрдүүлдэг гэхэд хилсдэхгүй. Тэдний баримталдаг дүрэм нь ЭМЯ-наас гаргасан эмнэл зүйн удирдамж хэмээх баримт бичиг ч багцад багтаах антибиотикийг олдцоор нь, эсвэл танилынхаа эмийн бизнесийг дэмжих, магадгүй хувь хүртэх гэсэн шалгуураар сонгодог юм биш биз гэсэн хар төрөхөөр.
Баянгол дүүргийн I хорооны өрхийн эмнэлэг “Ковид-19”-ийн халдвар авсан нь батлагдсан оршин суугчдадаа эмийн багц олгохгүй байгаа тухай гомдлын мөрөөр тус эмнэлгийн 998034… дугаарын утсаар холбогдлоо. Өрхийн эмч “Эмийн сангаас эм худалдаж авч уух боломжтой хүмүүст багц өгөхгүй байгаа. Яах аргагүй мөнгө төлж эм авч чадахгүйд нь олгоно. Уг нь эрүүл мэндийн даатгал төлдөг ч, үгүй ч багцыг үнэ төлбөргүй өгөх бодлоготой л доо. Гэхдээ одоогоор болохгүй байна” гэв. Иргэдийг мөнгөтэй, үгүйгээр нь яаж ялгаж байгааг асуухад “Надад таны асуултад хариулж суух зав алга” гээд утсаа таслав. Халдвар авсан хүн эм худалдаж авч уух боломжтой, үгүйг хэрхэн ялгаж, хуваарилж байгаа бол. Лавшруулан судлахад, тус эмнэлгийнхэн шинжилгээнийх нь хариу эерэг гарсан хүмүүст утасны цаанаас зөвлөмж өгч, уух эмийн нэрс хэлж, тогтоож чадахгүй нэгнийх нь гар утас руу нь мессеж бичдэг гэнэ. Тус өрхийн эмнэлгийнхэн яагаад иргэдэд үнэ төлбөргүй олгох ёстой 70 мянган төгрөгийн багцыг хангалттай тоогоор бэлдэхгүй байна вэ. Цаг үеийн байдалд үнэлгээ хийж чадахгүй байна уу, эсвэл даатгалын байгууллагатай харилцаа муутай юу, үгүй бол ажлаа дийлэхгүй байна уу. Юу гэж хариулах юм бол.
Мөн тус дүүргийн XII хорооны өрхийн эмнэлгийн үйлчлүүлэгч иргэн халдвар авчээ. Тэрбээр өмнө нь хүнд мэс засал хийлгэсэн тул бие султай. Түүний шинжилгээний хариу эерэг гарснаас хойших дөрөв хоногт юу, юу болсон тухай дурдъя. Өрхийн эмч утасдаж “Эмнэлэгт хэвтүүлнэ. Ор гарахыг хүлээнэ” гэжээ. Түрүүчийн сард коронавирусээр халдварлаж, өвдөөд, эдгэсэн хүүхдүүд нь түүнд тал бүрээс эм бариад ирж. Заримыг нь худалдаж авсан. Мөн ууж байгаад үлдээсэн нь ч байна гэнэ. Гэргий нь дур мэдэн ийм олон янзын эм уулгахгүй гэхэд хүүхдүүд нь “Эмч бичиж өгсөн шүү дээ. Ялгаа юу байна” хэмээн эгээ л дор бүрнээ мэргэжилтэн мэт аашилжээ. Тэгээд ч “Коронавирусийн халдварыг эмчлэхэд зориулсан эм гэж байх биш” хэмээн мундагдаж гэнэ. Халдвар авсан аав нь эерэг гэсэн хариу сонссоноос хойш гурав дахь өдрөөс ойр ойрхон ханиаж эхэлсэн тул хүргэн нь өчигдөр үдээс хойш “Ямар ч байсан эмнэлэг олж хэвтүүлнэ” гээд “ачаад” явж гэнэ. Гэрээ сахиж үлдсэн гэргий тэднийг чухам хаашаа явсныг ч мэдээгүй байлаа.
Цөөхөн хүн амтай улсынхаа иргэдийг ийм, зүг чигээ мэдэхээ байх хүртэл хөсөр хаясан төр, засгийнханд ямар эрх ашиг байна вэ. Хүмүүс өвдөж, эмийн худалдаа цэцэглэж л байвал боллоо юу. Арбидол гэх эм үнэхээр муу эд юм бол яагаад өнөөдрийг хүртэл уулгав. Маш их хэмжээгээр нөөцөлсөн компанид хэдэн тэрбумын хохирол учруулах сонирхол хэнд байв. Зүй нь түрүү жилээс тухайлбал, хойд хөршид тас хориглосон уг эмийг яагаад өдий болтол импортоор оруулж ирэхийг зөвшөөрөөд байв. Үүний цаана ямар нэгэн эрх ашиг, аваа, өгөө, эс бөгөөс өс хонзон байна уу.
Баянзүрх дүүрэг дэх “Чингис” зочид буудлын зүүн талын байранд амьдардаг хижээл насны, танил эмэгтэй мөн гомдлоо урсгав. Тэрбээр халдвар аваад, нэлээд хүндрэх шахсанаа биеийн байдал нь арайхийн дээрджээ. “Та нар өрхийн эмнэлгийн түвшинд энэ өвчинтэй хэрхэн тэмцэж байгааг мэдэж байгаа юу. Өвдсөн хүмүүст хоёр янзын аминдэм, нэг антибиотик, халуун бууруулах эм нэг хавтгайг нийлүүлэн гялгар уутанд хийгээд, коронавирусийн эсрэг багц, уугаарай” гэж өгөөд, дахиж асууж, сурах ч үгүй орхичихож байна. Энэ багцын үнэ 70 мянган төгрөг юм байх. Дурын эмийн сангаас 20 орчим мянган төгрөгөөр аваад ууж болохоор. Төр, засгаас “Ковид-19”-тэй ингэж л тэмцэж. Ийм байхад нас баралт нэмэгдэхгүй яах юм бэ. Нэгдүгээр шатлалын, өрхийн эмнэлэгт анхны тусламжийг чанартай үзүүлэх, эсэхээс өвдсөн хүний биеийн байдал цаашид хэрхэх нь хамаарна” хэмээн бууж гарсан юм. Үнэн хэрэгтээ энд яриад буй 70 мянгын багц гэдэгт зөвхөн эмийн бус, шинжилгээний сорьцын болон эмч, сувилагчийн хамгаалах хувцас хэрэглэлийн өртөг багтдаг юм билээ. Гэхдээ гэрээсээ утсаар зөвлөгөө аваад, өгсөн ууттай эмийг нь ууж буй хүнд хамгаалах хэрэгсэл, хувцасны зардлыг хамаатуулаад байгаа нь ойлгомжгүй. Бас л ашиг, хонжооны ямар нэгэн эрх ашиг байна бус уу.
Удаа дараа бичиж байгаачлан бусад улс оронд цар тахлын үеийн дэглэмийг сулруулж, улмаар зарим оронд амны хаалт ч хэрэглэхээ больж буй цаг үед бид бүхэн халдварыг хавтгайруулж, улмаар дахин хоногт 10-15 иргэнээ нөгөө ертөнц рүү явуулсаар байх болов. Одоо ч улсын хэмжээнд биеийн байдал нь маш хүнд 300 гаруй хүн байна. Нөхцөл байдал ийм атал зарим иргэн, төрийн албан тушаалтан ч “Халдвар авсан хүний тоонд харгалзах нас баралт цөөн” гэж хээвнэг дуугарч, эгээ л “Байх юм” гэх нь холгүй байгаа нь бас ямар эрх ашгийг хамгаалсан үг вэ.
Чингэлтэй дүүргийн XII хорооны өрхийн эмнэлэгт очиж, нөхцөл байдалтай танилцлаа. Эднийх сүүлийн үед коронавирусийн халдвар эрс хурдацтай тархаж байгаатай холбогдуулан эмчилгээний эмийн багцыг 500-600-гаар нь бэлдэж буй ч, тав, зургаа хоногт дуусдаг гэнэ. Өрхийн эмнэлгийн даргад зарим газарт өвдсөн хүмүүст ийм багц олгохгүй байгаа тухай хэлж, ямар учиртай талаар асуухад “Тийм баймааргүй юм. Гэрээр тусламж, үйлчилгээ үзүүлж буй болохоор даатгалаас нэхэмжлэхэд зардлын 70 хувийг урьдчилж өгдөг. Түүгээр нь бэлдэх ёстой. Эмнэлгүүдийн дотоод ажилтай холбоотой юм болов уу” хэмээн болгоомжтой хариулсан юм.
Тус эмнэлэгт эмчилгээний багцыг насанд хүрэгчдийнх, тэр дундаа 65-аас дээш насны ахмадуудынх гэхчлэн, мөн хүүхдийнхийг насны хэд хэдэн бүлэгт авч ангилан бэлтгэдэг аж. Тухайлбал, ахмад настны багцыг вирусийн эсрэг ремантадин 50 мг-тайг хоёр шахмалаар өдөрт нэг удаа, D аминдэмийг 5000 мг-аар өдөрт нэг, аспирин 100 мг-тайг мөн өдөрт нэг, С аминдэм 1000 мг-тайг өдөрт нэг ширхгээр, харин парацетамол 500 мг-тайг эмчийн заавраар уухаар бэлтгэсэн байлаа. Мөн зөвлөмжтэй. Өдөр бүр халуунаа хэмжин, хяналтын эмчид мэдээлнэ. Биеийн байдлыг тогтмол хянаж, ханиалгах, амьсгалын тоо олшрох, цээж давчдах шинж тэмдэг илэрвэл хяналтын эмчид яаралтай дуулгана. Халуун бүлээн шингэн зүйл ууж, сайтар унтаж амран, гэртээ хоёр цаг тутамд агаар сэлгэж, чийгтэй цэвэрлэгээ хийнэ гэх зэргээр бичжээ.
Хүүхдэд өгдөг нь тусдаа. Гэхдээ тухайлбал, 6-12 настай багачуудад олгох багцыг харахад вирусийн эсрэг амизон хэмээх эмийг 125 мг-тайгаар өдөрт нэг ширхгээр зургаан цагийн зайтай уухаар сонгосноор л ялгаатай. Бусад нь ижил. Тус өрхийн эмнэлгийнхэн бусдын л адил багцалж боох эмүүдийг бөөний худалдааны төвүүдээс авдаг байна. Насанд хүрэгчдэд зориулсан 70 мянган төгрөгийн багцад эмийн эзлэх хувь багахан, тодруулбал, 27 мянга орчим төгрөгийнх байх аж. Иргэд нэр дурдсан хэдхэн эмийг ийм үнээр “шахдаг” гэсэн ойлголттой байдаг болохоор бухимддаг бололтой. Гэхдээ л түрүүн хэлсэнчлэн өрхийн эмнэлэгт огт ирэхгүй, утасны цаанаас зөвлөгөө авч, уух эмийн жагсаалтыг мессежээр авч үйлчлүүлж буй иргэдийн нэрээр хамгаалах хувцас, хэрэглэлд хэмээн мөнгө суулгуулж завших эрх ашиг бас байх шиг.
Энэ бүхнээс харахад “Ковид-19” хэмээх өвчин лав манай улсын эрүүл мэндийн салбарынхны суусан газраасаа шороо атгахтай адилтгам овсгоо самбаа шаардсан бизнес болсон бололтой. Тэгэхээр хаана, хаанаа ашиг арвин өгдөг ийм сайн “саалийн үнээ”-тэй болсон болохоор цар тахлыг хумих, арилгах сонирхол эрүүл мэндийн системийнхэнд, улстөрчдөд байхгүй юм биш үү.