НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулган эхэллээ. Өнгөрсөн жил шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас ойн чуулганы нээлтийг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Харин энэ жил өндөр албан тушаалын олон төлөөлөгч биечлэн оролцож байна. Мальдивын Гадаад хэргийн сайд Абдулла Шахид Ерөнхий ассамблейн даргын бүрэн эрхээ гүйцэтгэж эхэллээ. Тус байгууллагын Аюулгүйн зөвлөлийг энэ сард Ирланд улс тэргүүлж буй. Энэ удаагийн чуулганы улс төрийн ерөнхий санал, шүүмжлэлийг есдүгээр сарын 21-27-нд товложээ.
“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид төрийн эрхийг булаан авч, Сайд нарын танхим эмхлэн байгуулсан Афганистаны байдал 76 дугаар чуулганаар хэлэлцэх гол сэдэв байх нь. Хүмүүнлэгийн хүнд байдал үүссэн тус улсад ирэх дөрвөн сард туслахаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Швейцарын Женев хотод хандивлагчдын хурал зохион байгуулж, төлөвлөсөн 606 саяас давуулан 1.12 тэрбум ам.доллар цуглуулсан байна. Маргааш Афганистанд тусламж, дэмжлэг үзүүлэх НҮБ-ын Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсэх асуудлаар санал хураалт явуулна. Тус улсад төр солигдсон тул НҮБ-д суугаа төлөөлөгч Гулям Исхакзайгийн бүрэн эрхийн тухай асуудал хөндөгджээ. Уг асуудлыг ирэх саруудад Магадлан итгэмжлэх хороогоор шийдүүлэх саналыг Ерөнхий ассамблейн 75 дугаар чуулганы дарга Волкан Бозкыр урьд нь дэвшүүлсэн билээ.
Шинэ чуулганы Магадлан итгэмжлэх хороог өнөөдөр байгуулна. ОХУ, АНУ, Хятад болон дэлхийн янз бүрийн хэсгээр сонгосон зургаан улс багтдаг тус хороо НҮБ-д суух улс орнуудын байнгын төлөөлөгчид нэр дэвшсэн хүмүүс, улс төрийн ерөнхий санал, шүүмжлэлийн долоо хоногт оролцох төлөөлөгчдийг магадлан итгэмжлэх талаар шийдвэр гаргадаг аж. Энэ удаа Г.Исхакзай ирэх долоо хоногт болох өндөр түвшний арга хэмжээнд улсаа төлөөлөх бололтой. Мөн улсын удирдлага нь өөрчлөгдсөн Мьянмарын төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай асуудлыг ирэх хоёр сард шийдэх гэнэ. Одоо тус улсын байнгын төлөөлөгчөөр энэ оны хоёрдугаар сард байгуулагдсан Засгийн газраас томилсон Чо Мо Тун ажиллаж байна. Нью-Йоркийн дээд түвшний долоо хоногт 83 улсын удирдагч, Засгийн газрын 43 тэргүүн, 23 улсын Гадаад хэргийн сайд оролцоно. НҮБ дэх АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас-Гринфилд санал, шүүмжлэлийн өдрүүдийг цар тахлын супер тархалтын үйл явдал болгохгүйн тулд дээд түвшний долоо хоногтцахим хэлбэрээр оролцохыг төлөөлөгчдөд зөвлөсөн захидал илгээжээ.
НҮБ-ын төв байр урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авсныг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдсэн байна.