УИХ-ын гишүүн асан, Японы мэргэжлийн сүмод монгол залуусын анхдагч болж очсон, Гавьяат тамирчин Кёкүшюүзан Д.Батбаярыг гэргий, Гавьяат жүжигчин Т.Баясгалангийнх нь хамт хууль сахиулах байгууллагынхан 2019 оноос хойш шалгаж байв. Тэднийг хэд хэдэн үндэслэлээр буруутгасан талаар бид цаг тухайд нь мэдээлсэн билээ. Тодруулбал, өөрсдийн болон хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр байгуулсан компаниар дамжуулж дархан цаазат Богд хан ууланд болон Яармагийн дэнжид их хэм жээний газар авсан ч зориулалтын дагуу ашиглаагүй, орон сууцын хороолол барьсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, хууль зөрчсөн үндэслэлээр шалгасан юм. Тэдэнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, шүүхэд шилжүүлэхэд бэлэн болоод буй гэнэ. Гэвч яллагдагчдын өмгөөлөгч нар гомдол гаргаснаар шүүхээр шийдвэрлүүлэх ажил гацжээ.
ХУУЛЬ БУСААР ГАЗАР АВЧ УЛСАД 28.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭЖ ҮЗЖЭЭ
Кёкүшюүзан Д.Батбаярын хамаарал бүхий хүмүүс буюу түүний төрсөн дүү Д.Аззаяагийн нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га газар авч “Марриот бютик” бизнес зочид буудал барих, Д.Аззаяагийн “Ногоон хана” компанид Чулуутын аманд найман га газрыг ахмадын сувилал байгуулах, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр мөн аманд таван га газрыг амралт, аялал жуулчлалын зориулалтаар, Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-ийг 2013 оны сүүлчээр байгуулаад хэдхэн сарын дараа Чулуутын аманд 10 га газрыг мөн л амралт, аялал жуулчлал газар барихаар, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га талбайг жирэмсэн эхчүүдийн сувилал байгуулах, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авч усан спортын цогцолбор, цэцэрлэгт хүрээлэн барих нэрийдлээр авчээ. Ингэхдээ тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны дөрөв, ес, арван нэгдүгээр сарын тушаалуудыг зөрчсөн гэнэ. Мөн БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын эрх бүхий албан тушаалтнуудад ахмадын амралт, сувиллын цогцолбор барина хэмээн төсөл танилцуулж байсан аж. Гэвч өдгөө тэндээ орон сууцын хорооллууд барьчихаад буй. Ийнхүү дээрх яамны холбогдох албан тушаалтныг төөрөгдүүлж, нийт нийт 65.5 га газрын эзэмших эрхийг залилан авч, төрд нийт 28.8 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгаж байгаа юм билээ.
Ийнхүү авсан газраа болон хамаарал бүхий хүмүүсийнхээ нэр дээр байгуулсан компаниудыг бусдад шилжүүлснийг ч шалгалтаар тогтоосон аж. Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд орших Ташгайн аманд авсан 21 га газрыг эзэмших эрх, “Гэгээн талбай” компанийнх нь хамтаар “Уран ган” ХХК-ийн захирал Б.Лхагвасүрэнд 3.2 тэрбум гаруй төгрөгөөр худалдахаар тохирч, дүү Д.Эрдэнэбилэгийнх нь нэр дээр шилжүүлжээ. Үүнийхээ хариуд BMW, “Бентли”, “Лексус-570”, “Ланд круйзер-200” зэрэг олон тооны автомашин авч гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийнхөө хэлбэрийг өөрчилсөн хэрэгт Кёкүшюүзан Д.Батбаярыг буруутгаж байна.
Мөн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалтай бүсэд багтдаг Арцатын аманд 5.2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 12 га газарт 2015-2018 онд Кёкүшюүзан Д.Батбаяр, улсын заан Ч.Батзориг нарын хамтран эзэмшдэг “Хөрш заанууд” болон Т.Баясгалангийн ээж Ж.Жавзандуламын нэр дээр байгуулсан “Өлзийт голын эх” ХХК хоёр дав хар бүхий 93 амины орон сууц (хаус), таун хаус, үйлчилгээний зориулалттай хоёр барилга бариулж, тэдгээрийн төлбөрт 62 хаусын каркасыг өгч, 31-ийг нь өөрсдийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр үлдээснийг ч хууль сахиулагчид тогтоосон гэнэ. Тэдгээрээсээ дөрвийг нь нэг тэрбум гаруй төгрөгөөр борлуулсан байжээ. Энэ үйлдлийг нь мөнгө угаасан хэмээн хууль сахиулагчид үзэж буй юм билээ.
ХЯТАД ЭРИЙГ МЭХЛЭХДЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧ, ТЭРГҮҮН ШАДАР САЙДТАЙ УУЛЗУУЛЖ ҮНЭМШҮҮЛСЭН ҮҮ
Кёкүшюүзан Д.Батбаярыг БНХАУ-ын иргэнийг залилан мэхэлж, олон тэрбум төгрөгийг нь авсан хэмээн буруутгаж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хохирогчид нь гомдол гаргасныг тухайн үед хэвлэлүүдэд мэдээлж байсан билээ. Уг хэргийг нь МБА-ны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж дууссан байна. Шалгалтын явцад Н.Болормаа гэх хүнтэй хамтран БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Евроази интернэйшнл инвестмент групп” ХХК-ийн захирал иргэн Вү Сэнчианг гэх хүнээс 16 тэрбум шахам төгрөгтэй тэнцэх валютыг мэхлэн авсныг хууль сахиулах байгууллагынхан тогтоосон аж. Ингэхдээ дээрх хятад эрийг орчуулагчийнх нь хамт тухайн үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нартай Төрийн ордонд уулзуулан “Замын-Үүдийн олон улсын эдийн засгийн чөлөөт бүс”-ийн бүтээн байгуулалтын ажлыг танилцуулах зэргээр итгэл төрүүлсэн гэнэ. Улмаар уг бүтээн байгуулалтыг хийх болсонд Засгийн газраас талархал илэрхийлж дээрх чөлөөт бүсэд газар эзэмшүүлэх, Тавантолгойн ордод хувь эзэмшүүлэх, зэс, нүүрс, төмрийн орд газрыг бэлэглэж байна гэх агуулга бүхий Монгол Улсын Засгийн газар, УИХ, Тэргүүн шадар сайд, Шадар сайд болон яамдын албан бичгүүдийг хуурамчаар үйлдэж өмнөд хөршийн иргэнд өгсөн аж. Ингээд түүнтэй гэрээ байгуулж 2009-2010 оны хооронд юань, америк болон хонконг доллар нийлсэн 2.8 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх валютыг нь залилж авсан үндэслэлээр “Мэхний их дэлгүүр” хэмээн нэгэн цагт Японы сүмогийн дэвжээнд нэрийдэж явсан Кёкүшюүзан Д.Батбаярыг яллагдагчаар татсан байна. Түүнчлэн Б.Цэрэндорж гэх хүнтэй хамтран “Гашуунсухайтаас БНХАУ-ын Ганцмод хилийн боомт хүртэл газар доогуур нүүрс тээвэрлэх битүү, туузан дамжуурга байгуулах ажилд хамтарна, хөрөнгө оруулалт хийнэ” гэж өмнөд хөршийн дээрх иргэнээс 2011 онд нийт 14 тэрбум шахам төгрөг залилан авсан хэмээн буруутгав.
Юутай ч Кёкүшюүзан Д.Батбаяр болон түүнтэй хамтран гэмт хэрэг үйлдсэн гэх хүмүүсийг хууль сахиулагчид шалгаж дууслаа. Шүүх хэрхэн шийдвэрлэхийг харах л үлдэж байна.
Бэлтгэсэн Г.Равжаа