Тагнуулын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан, бэлтгэл хурандаа Б.Давааням хамт байсан хүнийхээ толгой руу архины шилээр цохиж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр 2020 оны гуравдугаар сард цацагдсан. Тэрбээр найзуудын хамт “Монгол цэргийн өдөр”-ийг тэмдэглэж байхдаа ресторанд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн тасгийн дарга Ч.Ганбаатарын эрүүл мэндэд хохирол учруулсан нь цагдаагийн байгууллагынхны шалгалтаар тодорхой болсон билээ. Уг хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан юм. Харин шүүх өнгөрсөн нэгдүгээр сард уг хэргийг хэлэлцээд мөрдөн шалгах ажиллагаа дутуу явуулсан гэж үзэн прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан талаар бид мэдээлсэн. Ийнхүү дахин шалгуулахаар болсон шалтгаан нь Б.Даваанямд цохиулж буй нь бичлэгт үлдсэн хохирогч Ч.Ганбаатар мэдүүлгээсээ буцаж “Ширээ мөргөсөн” хэмээснээс гадна гэрчүүд нь ч бас тийм мэдүүлэг өгсөнтэй холбоотой. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгийг хуулийн дагуу олж авч нотлох баримт болгож бүрдүүлээгүй, Ч.Ганбаатар үнэхээр худал мэдүүлж буй бол түүнд бас хариуцлага хүлээлгэх ёстой гэж үзэн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар болсон байдаг. Тэгвэл энэ хэргийн нэмэлт ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ. Мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Давааням нь 2020 оны гуравдугаар сарын 18-нд “Энканто таун” хотхоны “Bull” ресторанд согтуудаа хамт архи ууж байсан Ч.Ганбаатартай маргалдан нүүр рүү нь архины шилэн аягаар, толгойг нь архины шилээр цохиж тархины доргилт, хуйх, нүүр, уруулд шарх, зулай, дух, нүд орчимд зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстад цус харвалт зэрэг хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдсон гэж үзээд шүүхээр гэм бурууг нь дэнслүүлэхээр болсон байна.