Австрали улсын иргэн Эдвардс Реймонд Стенлид холбогдох, бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагынхан мөрдөн шалгаж дуусаад шүүхээр шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тус шүүхийнхэн эл хэргийн мөрдөн байцаалтыг бүрэн гүйцэд хийсэн, үгүйг тодотгох урьдчилсан хэлэлцүүлгийн хурлаа энэ сарын 9-нд хийсэн байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд явуулсан гэж үзээд яллагдагч Эдвардс Реймонд Стенлийг шүүхэд шилжүүлж гэм буруутай, эсэхийг нь дэнслэх хурлын энэ сарын 23-нд хийхээр товлолоо. Австрали улсын иргэн Эдвардс Реймонд Стенли нь манай иргэнтэй гэр бүл болж амьдарч байсан бөгөөд “Альфакварц” гэх компанид сургалтын менежерээр ажилладаг нэгэн аж. Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 12.1-4 дэх хэсэгт заасан “бага насны хүүхдийн эсэргүүцэл үзүүлэх чадваргүйг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж.