"Ноёд" группийн эзэн Г.Буяндорж прокурорууд авлигач, хууль бус үйлдэл гаргасан гэх мэдээллийг удаа дараа хэвлэлд өгч буй. Улмаар өнгөрсөн хоёрдугаар сард энэ тухай баримтаа тухайн үеийн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдод өгсөн удаатай. Харин баримтыг хүлээн авсан З.Энхболд "Хууль зөрчсөн прокуроруудад Ерөнхийлөгч нэн даруй хариуцлага тооцно" хэмээсэн ч Ерөнхийлөгч Х.Баттулга хэн нэг прокурорт хариуцлага тооцолгүй явсаар сэнтийгээсээ буусан. Г.Буяндорж нийслэлийн Прокурорын газрын орлогчоор ажиллаж байсан, одоо Баянзүрх дүүргийн ерөнхий прокурор хийж байгаа Ц.Батболд, мөн Улсын ерөнхий прокурорын газарт прокурор хийж байгаа Ж.Сандагсүрэн, Нийслэлийн прокурорын газрын Хяналтын прокурор байсан П.Халиун нар миний компанийг дээрэмдсэн, надаас 100 мянган ам.долларын авлига өгөхийг шаардсан" хэмээн мэдэгдэж байсан.
Мөн өнгөрсөн гуравдугаар сард Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт зарлаж, "Прокуроруудад мөнгө өгөөгүйн төлөө намайг эрүүгийн хуулийн таван зүйл ангиар эрүү үүсгэн шалгаж, 409 хоног буюу 1.2 жил цагдан хорьсон. Үүний дараагаар надад холбогдох хэргийг шүүх рүү шилүүлж, би 16 удаагийн шүүх хуралд орж, компанийнхаа 25 тэрбум төгрөгийг алдсан" хэмээн ярьсан. Харин өнөөдөр тэрбээр УЕПГ-ын үүдэнд ээлжит суултаа хийж, "Хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилнэ" хэмээлээ.
Түүний мэдэгдэл дурдагдаад буй нэр бүхий прокуроруудыг шалгуулахаар АТГ-т өгсөн гэдгээ УЕПГ-аас мэдэгдэж буй. Тодорхой хэлбэл, АТГ-аас Ц.Батболд Ж.Сандагсүрэн, П.Халиун зэрэг хууль сахиулагчид гэм буруутай, эсэхийг шалгаж байгаа аж.