"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж болон түүний гэргий МУГЖ Т.Ариунаа нар өнөөдөр УПЕГ-ын гадна хонгилын прокуроруудын авлигын сүлжээг илчилж, хугацаагүй суулт зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж “Манай гэр бүл өмнө нь ч Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд шударга бус прокуроруудын үйл ажиллагаа, Монгол Улсад нүүрлээд байгаа шударга бусын хонгилын талаар дэлгэж, суулт зарлаж байсан. Суултын үеэр цагдаагийн байгууллагаас КОВИД-той тэмцэх хууль зөрчсөн гэдэг шаардлага ирсэн тул суултаа зогсоосон. Харин өнөөдрөөс Улсын ерөнхий прокурорын газрын гадна суултаа эхлүүлж байна. Прокурорын байгууллагад энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр өгсөн миний гомдлын хариу өнөөдрийг хүртэл ирээгүй. Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг шийдэх үүргээ прокурорын байгууллага шийдэхгүй, ёс зүйн хороогоо хуралдуулсангүй. Тэр бүү хэл миний гаргасан гомдолтой холбоотой Ц.Батболдыг дүүргийн прокуророос УЕПГ-ын хэлстийн дарга болгон дэвшүүлсэн. Үүнээс харахад прокурорын байгууллага дотооддоо ёс зүйн хариуцлага тооцож чадахгүй болж. Тиймээс би Ц.Батболд прокурорт ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалаас нь түдгэлзүүл, мөн намайг залилсан этгээдүүдтэй холбоотой 25 тэрбум төгрөгийн залилангийн хэргийг шүүх рүү шилжүүлэхийг шаардаж энд хугацаагүй суулт зарлаж байна" гэв.
Мөн түүний өгсөн мэдээллээр Г.Буяндоржийг цагдаагийн байгууллага хоёр удаа шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шүүх рүү шилжүүлэх санал удаа дараа гаргасан боловч Ц.Батболд тэргүүтэй прокурорууд хэргийг шүүх рүү шилжүүлэхгүй байгаа аж. Улмаар энэ хэрэгтэй холбоотойгоор Г.Буяндорж болон түүний гэр бүл, ах дүүсыг 10 жил шалгаж, залхаан цээрлүүлж, хүний эрх, эрх чөлөөл уландаа гишгэж байна гэсэн юм.
Үүнээс гадна "Ноёд" группийн үл хөдлөх хөрөнгийг дээрэмдэж авсан хүн өмгөөлөгч, шүүгч болчихсон гэнэ. Тодруулбал, Төрийн албаны зөвлөлийн дарга асан Д.Зүмбэрэллхамын хүү Шүрэнчулуун гэдэг залуу Ц.Батболдын гар хөл болж өмгөөлөл хийгээд, хоёр тэрбум төгрөгийн өмгөөллийн хөлс авч, манай компанийг дээрэмдсэн хөрөнгөөс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ бичүүлж бүхэл бүтэн үйлчилгээний обьект авчихсан хүн өнөөдөр шүүгчээр болсон хэмээх ноцтой мэдээлэл өглөө.
Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаа “Миний хань яаж хэлмэгдэж, эрх чөлөөгөө боогдуулж, ямар хүнд нөхцөлд байсныг өнгөрсөн 10 жилийн хугацаанд мэдэх цорын ганц хүн нь би. Би гэр бүлээ хамгаалахгүй юм бол хэн хамгаалах юм бэ. Прокурорууд манай гэр бүлийн 10 жилийн турш сэтгэл санаа, эдийн засгийн хувьд маш хүнд байдалд оруулсан. Бид энэ хугацаанд юу ч хийж бүтээж чадаагүй. Хэзээ ирж хаалга цохих бол, хэзээ нөхрийг минь хорих бол, хэзээ суллах бол гэдэг хүлээлт, цөхрөл, гомдол дунд бидний аав ээж, ах дүүс амьдарсан. Бидний бүтээн байгуулсан хөрөнгөн дээр шударга бусын хонгилын прокурорууд эзэн суучихаад юу ч болоогүй юм шиг амьдарч байна. Тиймээс төрийн хувцас өмссөн хонгилын прокуроруудад хариуцлага тооцож, цэвэрлэхийг шаардаж байна. Хонгилын прокуроруудад хариуцлага тооцох хүртэл манай гэр бүл тэмцэнэ” гэлээ.
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг хуулийн байгууллага таван зүйл ангиар шалгаж, 16 удаа шүүх хуралдаанд оруулж, 409 хоног цагдан хорьжээ.