Ашигт малтмал, газрын тосны газраас бензиний үнэ нэмэгдэх, хомсдол үүсэх, эсэх талаар өчигдөр мэдээлэл хийв. Тус газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “АИ-92, АИ-95 бензиний ханшийг нэмэх шалтгаан үүсээгүй. Харин ч энэ сард хилийн үнэ тонн тутамдаа наймдугаар сарынхаас 30 гаруй ам.доллароор хямдарсан. Хэрэв нийлүүлэлт нь нэмэгдвэл АИ-92 бензиний үнийг литр тутамд нь 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэдгийг ч аж ахуйн нэгжүүд хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ ОХУ-аас нийлүүлж буй бензин, импортлогчдын борлуулалтын хэмжээ бага байгаа тул одоогоор үнэ өөрчлөгдөхгүй. Мөн манай улсад бензин бүр тасалдан, хомсдол үүсэхгүй гэдгийг онцолъё” гэлээ. Уржигдрын байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 70 шатахуун түгээх станцын 13 нь АИ-92, АИ-95 борлуулаагүй аж. Энэ нь тухайн шатахуун түгээх станц дахь нөөц нь дууссан, бүтээгдэхүүнээ татан авч байсантай холбоотой гэв. Ташрамд дурдахад, улсын хэмжээнд өчигдрийн байдлаар газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүн дунджаар 28 хоногийн нөөцтэй байгааг дээрх газраас дурдлаа.