Ерөнхий сайдад хаяглан “Рио тинто”-гийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз хилл ресурс” компанийн гүйцэтгэх захирал Стийв Тибоу нар захидал бичиж, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаа хойшлох болсонд уучлал гуйв. Энд хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум ам.доллароор өссөнд уучлал гуйгаагүйг онцлон тэмдэглүүштэй. Захидалд “Рио тинто” групп 400 сая ам.долларын төсвийн дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлсэн. Мөн Засгийн газраас тавьж буй хөрөнгө оруулалтын зээлийн хүү, менежментийн төлбөрийг бууруулах саналыг хэлэлцээний явцад ярилцан ямар нэг тохиролцоонд хүрэх боломжтойгоо илэрхийлсэн. Уг захидал бол “Рио тинто” буулт хийж буйг илтгэх бичиг баримт юм.
Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах хэлэлцээний Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, ажлын хэсгийн гишүүн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонгоо нар УИХ-аас байгуулсан түр хорооны гишүүдтэй уулзаж, захидлын талаар танилцуулан байр суурийг нь сонссон юм. Үүнийг улс төрийн хүрээнийхэн бодлогоо нэгтгэх гэж буй алхам гэж харж байна. Засгийн газар нэг, УИХ-ын гишүүд нь өөр байр суурьтай байвал хэлэлцээ урагшлахгүй. Энэ удаагийн хэлэлцээний үр дүнг УИХ соёрхон батлах учиртай. Тэгэхээр олон өөр байр суурьтай байвал хэлэлцээрийг батлахгүй. Баталсан ч гоочилсоор байх болно. Эцэст нь ажлын хэсгийнхэн шоронд сууна. Ийм түүхэн туршлага бийг үргэлж санах хэрэгтэй.
Захидалтай холбогдуулан Засгийн газрын ажлын хэсэг ямар байр суурьтай байгаа нь то дорхойгүй. Мөн УИХ-ын түр хорооны гишүүд ямар байр суурьтай нь ил болоогүй байна. “Дубайн гэрээ”-г эсэргүүцэгч, УИХ-ын гишүүн Ц.Да ваасүрэн “Засгийн газар арбитрын маргаанаас хүсэлтээ татаж болохгүй. Ялалт байгуулбал, санал болгоод буй нэг их наяд төгрөгтэй нь дүйх мөнгө авна” гэж байр сууриа илэрхийлжээ. “Рио тинто” групп захидалдаа арбитрт гаргасан гомдлоо татаад авчих гэж “гуйсан”. Зас гийн газ рын ажлын хэсгийнхэн татаж авахгүй гэдгээ мэдэгдээд буй. Энэ нь ч зөв. Хэнийх нь зөв бэ гэдгийг эртхэн тодруулах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн байр сууриас харахад “Рио тинто”-гийн санал болгож буй 400 сая ам.долларыг авах шаардлагагүй гэж үзэж буй бололтой. Яриа хэлэлцээтэй холбоотой мэдээлэл нууц байгаа. Угаасаа ч ингэх ёстой. Тиймээс таамаг дэвшүүлэн бичиж буйг ойлгоно биз.
Тэгвэл 400 сая ам.долларыг нь аваад хэлэлцээрээ үргэлжлүүлэх үү, авахгүй ярилцах уу гэдэг сонголт Засгийн газрын ажлын хэсгийнхэнд үүссэн. Цар тахлаас шалтгаалан эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа энэ үед нэг их наяд төгрөг төсөвт төвлөрүүлэх нь том боломж. Олон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж, эдийн засагт дэм болох нөхцөл бүрдэнэ. Нэг талаар “Рио тинто” хэлсэндээ хүрээгүй алдаагаа залруулах гэж мөнгө санал болгосон гэж харж болох үндэстэй. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 1.4 тэрбум ам.доллароор хэтэрснийг дээр дурдсан. Санал болгосон 400 сая ам.доллар нь үүний 28 хувьтай тэнцэж байна. “Танай Засгийн газар “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшдэг. Түүнтэй нь дүйх хэмжээний зардал хэтрүүлсэн мөнгийг төсөвт чинь өгье. Тэгээд яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх үү” хэмээн тавьж буй санал шиг харагдаж байгаа биз.
…Хэлэлцээний уулзалтууд ирэх сард эрчимтэй үргэлжилнэ. “Дубайн гэрээ”-г хүчингүй биш, дуусгавар болгоно. Улмаар “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг батална. Хэлэлцээ энэ оны төгсгөл гэхэд нэг тийш болно. Монголчуудын давамгайллаар өндөрлөнө. Нөгөө талд ч монгол-чууд байгааг сануулчихъя. “Рио тинто” хэтэрсэн зардлын 700 сая ам.долларыг санхүүжүүлнэ…
Магадгүй Засгийн газар 400 сая ам.долларыг нь авахгүйгээр хэлэлцээрээ үргэлжлүүлэх сонголт хийж болно. Хэр ашигтай байх бол. Монго лын талын ажлын хэсгийнхэн хэлэлцээ хийхэд туслалцаа авах санхүүгийн болон хуулийн зөвлөхөө сонгон шалгаруулаагүй байгаа. Санхүүгийн зөвлөхүүдийн тооцооллоос ашигтай, ашиггүй нь тодорхой харагдана. Энэ бол зээл биш, хамтраг чийн дэмжлэг. Ийм агуулгаар нь авч үзвэл авахгүй байх нь буруу сонголт ч байж мэдэх юм.
“Рио тинто”-гоос санал болгож буй 400 сая ам.долларыг авъя. Арбитрын маргаанаа үргэлжлүүлж эцсийг нь үзье. Тэгээд төслөөс хүртэх өгөөжөө нэмэгдүүлэхээр ажиллая. Төслөөс хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд Монголын талаас гарах зардлыг бууруулах шаардлагатай. “Оюутолгой” төслийн менежментийг хэрэгжүүлж буй “Рио тинто”-гийн үйл ажиллагаанаас шалтгаалж, хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэн. Хэтэрсэн зардлыг “Рио тинто”-д үүрүүлэх хэрэгтэй. Ядаж л тодорхой хэсэгт тэднийх хариуцлага хүлээх хэрэгтэй. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах шаардлага бий. Манай Засгийн газар анх 700 сая ам.долларын хөрөнгө оруулаад, “Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшинэ гэж тооцож байв. Гэтэл зар дал хэтэрснээр манай Засгийн газрын “Рио тинто”-гоос авсан зээл 2.2 тэрбум ам.доллар болсон. Зардлын хэтрэлт өсөж буй нь манай улсын хүртэх өгөөж буурч байгаагийн маш том шалтгаан. Мөн “Рио тинто”-гийн “Оюутолгой” төслийг удирдан хэрэгжүүлж буйн төлөө авч байгаа менежментийн төлбөрийг бууруулах хэрэгтэй. Ингэж байж төслөөс хүртэх өгөөжөө нэмж чадна.
Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг анх байгуулахдаа төслийн нийт өгөөжийн 47 хувийг “Рио тинто”, 53 хувийг Монголын тал хүртэнэ гэж тохирсон. Засгийн газрын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатарын хэлснээр манай талын төслөөс хүртэх өгөөж өнөөгийн тооцооллоор 36 хувь болж буурсан гэнэ. Санхүүгийн зарим шинжээч манай хүртэх өгөөж 46 хувь болж буурсан гэж дүгнэж буй. Санхүүгийн шинжээчдийн дүгнэлт илүү баримжаатай болов уу. Тэгэхээр төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх шаардлага үүсжээ. Нөгөө тал ч зарим зүйлд буулт хийхээс өөр арга байхгүй. Угаас монголчууд 53 хувиас бага өгөөж авахыг хүсэхгүй. Учир нь монголчууд газрын хэвлийн баялгийн эзэд билээ.
Монголын Засгийн газар 2013 онд “Рио тинто” группийнхэнтэй хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ам.доллароор хэтэрсэн гэсэн маргааны улмаас нүүр тулж байв. Тэгэхэд “Рио тинто” олон зүйлийг хүлээн зөвшөөрөхийг шаардсан хатуу саналууд тавьж байсан. Товчхондоо, тухайн үед хөрөнгө оруулагч тал хожих нүүдэл хийсэн юм. Тэгвэл энэ удаад хожигдох нүүдэл хийж байна. Зардал хэтрүүлээд, Монголын талд хоёр удаа худлаа хэлчихлээ гэж санаа зовсондоо биш, холыг харж буулт хийж байна гэж таамаглая. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Австралийн түүх соёлын дурсгалыг сүйтгэснээр “Рио тинто”-гийн нэр хүнд дэлхий дахинд унасан. Хэдийгээр өнгөрсөн жил үйл ажиллагаа нь сайн байж, долоон тэрбум ам.долларын ногдол ашиг тараасан ч нэр хүнд нь төдийлөн сайжрахгүй байна. Хэрэв хоёр удаа зардал хэтрүүлчихээд монголчуудтай ойлголцохгүй бол дайран дээр давс нэмсэнтэй адилаар нэр хүнд нь унаж, хүн итгэхээ болино. Хоёрдугаарт, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаж, олборлолт эхлэхтэй давхцан уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтийн супер цикл эхэлж буй нь буулт хийх нэг шалтгаан болсон. Бүтээгдэхүүнээ өндөр үнээр зарах боломжийг алдахыг хэн ч хүсэхгүй. Цагийн салхи бидний талд эргэжээ. Тэгэхээр хэлэлцээнд уран нүүдэл хийх хэрэгтэй. Ингэвэл төслөөс хүртэх нийт өгөөжийн 60 хувийг ч авах боломжтой. Ийм зорилт тавиад хэлэлцээнд ороход ч болохгүй зүйлгүй. Хоёр тал гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоохыг хүсэхгүй байгаа. Энэ нь хэлэлцээр удахгүй үргэлжлэхийг мэдрүүлсэн дохио юм.
Манай Засгийн газар “Дубайн гэрээ”-г цуцлахаа мэдэгдсэн. Гэвч цуцалж чадахгүй өдий хүрлээ. Угаас энэ гэрээг цуцлах боломжгүй. Уг гэрээнд тусгасан заалтууд өнөөгийн хэлэлцээний суурь болж буй юм. Хэрэв цуцалчихвал барих суурь баримт бичиггүй болно гэсэн үг. Хэлэлцээний уулзалтууд ирэх сард эрчимтэй үргэлжилнэ. “Дубайн гэрээ”-г хүчингүй биш, дуусгавар болгоно. Улмаар “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг батална. Хэлэлцээ энэ оны төгсгөл гэхэд нэг тийш болно. Монголчуудын давамгайллаар өндөрлөнө. Нөгөө талд ч монголчууд байгааг сануулчихъя. “Рио тинто” хэтэрсэн зардлын 700 сая ам.долларыг санхүүжүүлнэ. “Туркойз хилл ресурс” нэмэлт хувьцаа гаргаж мөнгө босгоно. Түүнийгээ “Оюутолгой”-д маш бага хүүтэй зээлнэ. Төслийн хувь заяа ийн үргэлжилнэ гэж төсөөлж байна. Манайхан угтуулан тавих уран нүүдлээ хайж л байгаа болов уу.