Саяхан л сэргэлэн цовоо гүйж байсан охин нь ээж болж, амаржихдаа сэтгэлийн зовлонд унахыг мэдсэн бол өнөөдрийн бүтээн босгосон гэх бүхнээсээ татгалзах байснаа хүлээн зөвшөөрөв. Богино хугацаанд өндөр ашигтай ажиллах бизнес олсондоо хөл газар хүрэхгүй баярлаж байсан нь хожим насан туршийн харуусал болно гэж төсөөлсөнгүй. Тийм ээ, би, бид хийсэн үйл, тарьсан хог бүхнийхээ төлөөсийг төлдөг. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр бууна. Амаа арчсан цаас чинь хаа нэгтээ хийсч, үхэр малын тэжээл болж эргээд сүү, мах болон таны аманд орно. Үйлийн үр, төлөөсийг нүглийн нүдээр хэн ч хуурч амжихгүй. Бэлчээр, газар нутгийн доройтол эргээд малын түүхий эдийн чанарт нөлөөлж, хүмүүн бидний биед шингэж байна. Саяхан л 300 гаруй төрлийн эмийн ургамал зооглодгоороо гайхуулдаг байсан бэлчээрийн малын идэх өвсний тоо цөөрсөөр нэмээд таны тарьсан хогийг хольж иддэг болсон тул махны чанар нь хэрхэн өөрчлөгдөж байгаа бол бодож нэг үзэцгээе.