ХБНГУ-д ажиллаж, амьдардаг морин хуурч Б.Золзаяа, шанзчин Н.Уранчимэг нар тус улсын Франкфурт хотын хуучин Дуурийн театрт, тус байгууллагын дэргэдэх “Freunde” цөөхүүл найрал хөгжимтэй хамтарч тоглолоо. Морин хуурч бол тус улсын хөгжмийн зохиолч Маттиас Билдийн туурвисан морин хуурт зориулсан концертино, харин тэд цуг хөгжмийн зохиолч, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайханы зохиол морин хуур, шанзны “Уран сэтгэмж” хоршлыг гоцолж эгшиглүүлсэн юм. Цар тахлаас болж хоёр удаа хойшлуулсан “Ein Abend fur die Alte oper” нэртэй концерт тус театрт гурван цаг орчим үргэлжилсэн. Үзэгчдийг хоорондын зай баримтлуулан суулгасан байлаа. Ингэхдээ нэг гэр бүлийнхэн, эсвэл байнга уулздаг найз нөхөд зэрэгцээ суухыг зөвшөөрч тасалбар худалджээ. Манай хөгжимчдийн тоглолтыг үзэгчид удтал нижигнүүлсэн халуун алга ташилтаар мялаасан юм. Германы хөгжмийн зохиолч Маттиас Билд морин хуурт зориулан бүтээл туурвисан нь Европт анхдагч болжээ. Концертыг зохион байгуулагчид хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы хоршлын талаар “Монголын уужим тал, цэнгэг агаар, хүлгийн хурдыг мэдрүүлсэн сайхан бүтээл” хэмээн тайлбарлаж байлаа.
Бэлтгэсэн Р.Оюунаа