“Ковид-19”-ийн тархалтыг хумихын тулд Увс аймагт өчигдрөөс эхлэн энэ сарын 26 хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоолоо. Тус аймагт өчигдрийн байдлаар 5830 иргэн коронавирусийн халдвар авч, үүний улмаас 10 хүн нас баржээ. Хэсэгчилсэн хязгаарлалтын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цагийн хуваарийг богиносгон, 09.00-17.00 цагт ажиллуулахаар болсон аж. Мөн худалдаа, үйлчилгээний байгууллагуудыг 08.00-20.00 цагт ажиллуулахаар шийдвэрлэж, 15.00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахыг хоригложээ. Үүнээс гадна олон нийтийг хамруулсан арга хэмжээ, баар, караоке, спорт заал зэргийг хааж, зоогийн газрууд иргэдэд зөвхөн хүргэлтээр үйлчилнэ гэж аймгийн Онцгой комиссоос журамласан байна.