Жил бүр Нобелийн шагналтай зэрэгцээд есдүгээр сарын 13-нд “Шнобелийн” гэх тодотголтой адил төрлийн арга хэмжээ болдог. Эл шагналыг тухайн жилийн хамгийн хачирхалтай нээлтүүдэд олгодог болоод 31 дэх жилтэйгээ золгож байна. Ингэхдээ яг л Нобелийн шагнал шиг энх тайван, эдийн засгийн, анагаах ухааны гэхчлэн салбар тус бүрээр нь “шилдгүүдийг” тодруулан, 10 их наяд ам.долларын нэхэмжлэх хуудас олгодог. Мэдээж энэ нь бодитоор хэзээ ч тооцоо хийх боломжгүй хуудас. Өөрөөр хэлбэл, Нобелийн эсрэг шагнал хэмээдэг Шнобелийг мөнгө дагалдахгүй, бэлгэдлээр нэхэмжлэх хуудас олгодог бөгөөд энэ нь нэг талаар шагнал шигээ хөгжөөх, өдөөх зорилготой. Жил бүр бүх салбар шинжлэх ухааны ололтыг үнэлэн олгодог Нобелийн эсрэг шагналыг санаачлагч нь Америкийн иргэн, “Гайхамшигтай судалгааны түүхүүд” сэтгүүлийн ерөнхий эрхлэгч Марк Абрахамс. Тэрбээр хэрэглээний математикч бөгөөд шинжлэх ухааны сэдвээрх хошин өгүүллэгүүдээрээ алдартай. Марк Абрахамс “Ихэнх тохиолдолд эрдэмтэд өөр хэний ч ойлгож чадахгүй зүйлийг “ухаж” мэдэхийг хичээдэг. Энэ утгаараа манай шагнал Нобелийнхтой адилхан шилдгүүдийн, гэхдээ бага зэрэг хачирхалтай бүтээлүүдийг сонгодог онцлогтой. Би “Анти Нобел” гэсэн тодотголд, мөн ичиргүүртэй гэсэн утгаар хүлээн авахад дургүй. Эсрэг гэдэг нь тухайн нэр төрийг гутаах нь гэсэн утгатай. Шнобелийг зүгээр л өөр хэмжүүрт шагнал гэж ойлгоосой” хэмээсэн байдаг. Тэгвэл уг шагналыг хүмүүсийн анхаарлыг татах, шинжлэх ухаан, анагаах ухаан, технологийн сонирхлыг нь өдөөх зорилгоор хийсэн ер бусын, басхүү ухаалаг судалгаанд олгодог.
2021 оны Шнобелийн энх тайвны шагналыг АНУ-ын гурван эрдэмтэнд олгожээ. Тэд аливаа гардан тулаан, зодоонд сахал нь эзнээ хамгаалдаг болохыг тогтоосон бөгөөд энэ нь хачирхалтай нээлтээр нэрлэгдлээ. Судлаачдын туршилтаас харахад үсний шугам нь аливаа нөлөөллийн энергийн 37 хувийг шингээдэг аж.
Тэгвэл экологийн салбарт уг шагналыг хүртсэн Испани, Ираны эрдэмтэд хэд хэдэн орны гудамж, талбайгаас зажлаад хаясан бохь цуглуулан судалжээ. Үүний үр дүнд хачирхалтай, ховор бактери илрүүлсэн юм байна. Зимбабве улсын судлаачид албан тушаалтнуудын таргалалт болон авлигын түвшин хооронд холбоо байгааг нээснээрээ энэ жил Шнобелийн эдийн засгийн салбарын шилдэгт тооцогдлоо. Тээврийн салбарын шагналыг нэлээд хачин “ноцтой нээлтэд” олгожээ. Хөлнөөс нь бэхэлж, агаарт хэдэнтээ савлаж, эргүүлэхэд хирс огт гэмтээгүй болохыг тогтоосон малын эмч нар чухам ямар учраас ийм судалгаа хийсэн нь жирийн хүмүүст ойлгомжгүй байж мэднэ гэсэн ч шинжлэх ухаанд нэмэр болох үүднээс эл судалгааг хийсэн нь лавтай. Шагналын дүрэмд “Эхлээд инээж, дараа нь бодоход хүргэднэ” гэж заасантай энэ нь яв цав нийлж байгаа болов уу.
Биологийн шинжлэх ухааны эрдэмтэн Сюзан Шёц (Швед) “Муур эзэнтэйгээ харьцахдаа хүрхрэх, ёолох, исгэрэх зэргээр олон янзын дуу чимээ гаргадаг” болохыг шинжлэх ухаанчаар тогтоосон гэнэ. Тэгээд л Шнобель хүртлээ. Харин химийн шагналын эзэн болсон олон улсын багийн 10 эрдэмтэн кинотеатруудын агаарын найрлага, даралт нь кинонд болж буй үйл явдал болон үзэгчдийн сэтгэл хөдлөлийн хариу үйлдлээс хамаарч өөрчлөгддөг гэж дүгнэжээ. Анагаах ухааны шагналыг Герман, Турк, Британийн дөрвөн эрдэмтэн “Бэлгийн дур тавих нь хамрын хөндийг дусаагуур хэрэглэснээс дутахгүй цэвэрлэдэг” гэж баталсан гэнэ. Физикийн шагналыг Нидерланд, Итали, Тайвань, АНУ-ын хэсэг эрдэмтэнд олгов. Тэд “Явган зорчигчдын харилцан үйлчлэлийн загварчлал ба өгөгдлийн төлөөлөл” гэсэн сэдвээр судалгаа хийжээ. “Явган зорчигчид мөргөлдөхөөс хэрхэн сэргийлж байгааг олж мэдэх явдал” гэж тэд зорилгоо тайлбарлажээ.
Шавж судлалд “Шумбагч хөлөг онгоцон дахь жоомнуудын эсрэг шинэ тэмцэл” сэдэвт бүтээл шалгарсан байна.
Бэлтгэсэн Э.Хана