Энэ сар гарснаас хойш улсын хэмжээнд цар тахлын тархалт эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал ихсэж, хүний нөөцийн хомсдолд орсон. Ялангуяа өрхийн эмнэлгүүдэд эмч, ажилтан дутмаг байгаагаас халдвар авсан иргэн бүрт хүрч ажиллахад бэрхшээл тулгарчээ. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв зэрэг холбогдох албаныхан зөвшилцөж, шийдэлд хүрсэн байна. Тухайлбал, Улаан загалмай нийгэмлэгээс бэлтгэсэн сайн дурын ажилтнуудыг өрхийн эмнэлгүүдэд дайчлан ажиллуулах арга хэмжээг эрчимжүүлэх аж. Мөн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, дотор, эмнэл зүйн эмгэг судлалын чиглэлээр анагаахын сургууль төгссөн эмч нарыг ажлын байранд яаралтай зуучлахаар болжээ. Үүний зэрэгцээ ирэх сард эхлүүлэх төрөлжсөн мэргэжлийн эмчийн сургалтад хамрагдахаар болсон дадлагажигч нарыг нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдэд түр хугацаагаар дүйцүүлэн ажиллуулах нь.
Өвчилсөн иргэдийг Хан-Уул дүүрэгт байрлах хотын захиргааны шинэ байранд түр байгуулсан 145 ортой эмнэлэг болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд хүлээн авч, эмчилж байгаа. Тэгвэл тэдгээрт хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг сайн дурын үндсэн дээр дайчлан ажиллуулахаар шийдвэрлэжээ. Сайн дураар ажиллах эмч, ажилтнуудын цалин, илүү цагийн хөлсийг ЭМЯ-наас олгох гэнэ. Түүнчлэн анагаахын чиглэлийн их, дээд сургуулиудын оюутнуудыг хариу арга хэмжээний багт ажиллуулах талаар БШУЯ-ныхантай зөвшилцөж буйгаа ЭМЯ-наас мэдээлсэн.
Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд одоогоор өрхийн эрүүл мэндийн 156 төвд 225 дадлагажигч эмчийг дайчлан ажиллуулж буй гэнэ. Мөн 21 резидент тусгай дугаарын 119 утсаар иргэдэд эрүүл мэндийн зөвлөгөө өгч буй юм байна
Бэлтгэсэн М.Оч