Түүхийн хуудас сөхвөл, БНМАУ-ын төр, засгийн бодлогоор 1926-1930 онд дунд боловсролтой 35 хүүхдийг Франц, Герман улсад сургахаар илгээжээ. Тэдгээр хүүхэд хүний нутгаас “өвөрлөн” ирсэн мэдлэг, боловсролоо гарган, түгээж шинэ Монгол Улсын соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтэн болсон. Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-нд хуралдсан 42 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн хүүхэд 1926 оны долдугаар сараас Францад эрдэмд шамдаж эхэлсэн байдаг. Тэднийг Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан Парис хотод хүргэж өгчээ. Мөн оны намар нь мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав нар Парист очиж, Сорбоны их сургууль, “Коллеж де Франс” сургуульд суралцжээ. Манай сурагч, оюутнууд 1926-1930 онд Францын “Мишле” лицей, Сорбоны их сургууль, “Коллеж де Франс”-д суралцан, Өрнийн соёлтой танилцаж ахуйд нь ЗХУ болон Коминтерны шахалтаар сургуулийг нь төгсгөлгүй эгүүлсэн татсан түүхтэй.
Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөхөөр алсыг зорьсон тэдгээр хүүхэд улс төрийн шуурганд өртөж, зарим нь амиараа хохирсон гашуун цаг үе байлаа. Тухайлбал, Ж.Дүгэрсүрэн 1945 онд хилс хэргээр шоронд хоригдож, 1946-1948 онд нутаг заагдсан бол Л.Намсрайг “Франц, Герман, Япон гурван улсын тагнуул” хэмээн ял тулгаж, давж заалдах эрхгүйгээр цаазаар авчээ. Үүнээс гадна монгол сурагчдыг Францад суралцах хугацаанд удирдан чиглүүлж байсан бараг бүх багшийг “хувьсгалын эсэргүү” хэмээн цаазалсан. Мөн оюутан М.Гомбожав шоронд нас барж, Ц.Бадамжавын хувь заяа орвонгоороо эргэн эмгэнэлтэйгээр төгссөн аж.
Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд тэсэж үлдсэн Т.Аюурзана хожим Төрийн шагналт, академич болсон бол Ж.Дүгэрсүрэн газар зүй, эрдэс судлалын шинжлэх ухааны анхны доктор болжээ.
Энэ бүх түүхийг сөхөх болсон учир нь өчигдөр болсон нэгэн цогц арга хэмжээтэй холбоотой. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100, монгол хүүхэд, залуус Францад суралцаж эхэлсний 95 жилийн ойд зориулан БШУЯ, ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Олон улсын харилцааны хүрээлэн, МУИС, ТЕГ-ын Тусгай архив, МҮОНТ, БНФУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ хамтран “Франц улсад суралцсан монгол оюутан, сурагчид (1926-1930)” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Тус хуралд МУИС-ийн профессор Б.Алтангүл “Монгол дахь франц судлал”, түүхийн ухааны доктор Р.Төрдалай “Монгол оюутан, сурагчид Франц улсад суралцсан нь (1926-1930)”, докторант Ч.Батдорж “Сайд Эрдэнэбатханы боловсролын салбарт оруулсан хувь нэмэр”, түүхийн ухааны доктор Д.Эрдэнэбат, У.Эрдэнэбат “Герман, Францад суралцагчдын багш нарын судалгааны асуудалд: Д.Буддарь, Б.Ишдорж, Г.Далай”, түүхийн ухааны доктор Н.Батболд “Францад суралцсан монгол оюутан, сурагчдад холбогдох Тусгай архивын баримтын тойм” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ. Уг арга хэмжээний хүрээнд судлаач, сэтгүүлч Чимэд-Осорын Болдын “Алс газар сурахаар одогсод” номын шинэ хэвлэлтийн нээлтийг албан ёсоор зохион байгуулсан юм.
Монгол Улс, БНФУ-ын хооронд 1965 онд дипломат харилцаа тогтоожээ. Ойн хүрээнд УИХ-ын гишүүн, Монгол, Францын найрамдлын бүлгийн дарга Ж.Чинбүрэнгийн урилгаар Францын парламентын дэд дарга, хатагтай Натали Делатр тэргүүтэй сенатчид манайд айлчилж байна.