Улирал солигдох үед угаартах, улмаар амиа алдах иргэдийн тоо нэмэгддэг. Нийслэлчүүд 2019 оны өвлөөс сайжруулсан шахмал түлшийг хэрэглээндээ нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 50 хүртэл хувиар буурсан. Цаашид 80 хүртэл хувиар бууруулах зорилтыг Засгийн газар, хотын удирдлагууд тавиад буй. Сайжруулсан шахмал түлш түлдэг болсноор иргэд угаартах нь нэмэгдсэн гэх ойлголт нийгэмд байдаг. Гэсэн ч түүнээс өмнө нүүрс хэрэглэдэг байхад ч хүмүүс угаартаж нас бардаг байсныг энд дурдъя. Гэхдээ энэ нь хүмүүс угаартаж нас барах нь хэвийн үзэгдэл гэсэн үг биш. Гол нь иргэд өөрсдөө хариуцлагатай байж, яндан, зуухны бүрэн бүтэн байдлаа шалгаж, хүүхдээр гал түлүүлдэггүй, угаар мэдрэгчээ ажиллаж буй, эсэхийг байнга шалгадаг, зай нь дуусчихлаа гээд хаядаггүй байх ёстойг сануулж байгаа юм.
Үнэхээр сайжруулсан шахмал түлш түлснээс болж угаартдаг бол нийслэлчүүд бүгдээрээ аюулд өртөх байлаа. Гэтэл тийм биш гэдгийг өнгөрсөн хоёр жилийн туршлага харуулсан. Нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 10 мянган өрхөд сайжруулсан түлшний талаарх судалгаа явуулахад эерэг сэтгэгдэлтэй иргэдийн тоо 2019 оныхоос 44 хувиар өссөн дүн гарчээ. Иргэд сайжруулсан түлшийг сайн шийдэл гэсэн үнэлгээ өгч, нүүрснээс илүү гэж үзсэн байна. Судалгаагаар айл өрхүүд долоо хоногт дунджаар зургаан шуудай нүүрс түлдэг бөгөөд үүнийг хөнгөлөлттэй үнээр тооцвол 11 250 төгрөг болно. Энэхүү тооцоог 150 ам метр хүртэлх талбайтай амины сууц, монгол гэрт амьдарч буй айлуудын долоо хоногийн хэрэглээнд тулгуурлаж гаргажээ.
Нийслэлийн хэмжээнд уржнан жилийн өвөл 446 мянган тонн сайжруулсан шахмал түлш түлсэн бол ноднин 708 мянган тонн болж нэмэгдсэн байна. Түүнчлэн энэ жилийн хувьд түлш борлуулах цэгийн тоог нэмж, 686 болгосны сацуу түлш тээвэрлэх компанийн тоо 22 байсныг 35 болгон өсгөжээ. Мөн иргэд сайжруулсан шахмал түлшээ зөв хэрэглэж, яндан, зуухныхаа бэлэн байдлыг хангаснаар угаартсан гэх дуудлагын тоо жил ирэх бүр буурчээ. Гэхдээ энэ нь санаа амарч болно гэсэн үг биш. Учир нь ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэрснээр хэд хэдэн хүн угаартжээ. Хамгийн сүүлд л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд хоёр иргэн угаартаж, нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Дуудлагын дагуу очиход эхнэр, нөхөр хоёр гэрийнхээ өрхийг бүтээж унтсанаас угаартсан байжээ. Тэд 23, 25 настай, эхнэр нь жирэмсэн байсан гэдэг мэдээлэл хэвлэлээр гарсан. Амьдралд хөл тавиад удаагүй, одоо л бүх зүйл нь эхлэх гэж байтал ийн зуурдаар амиа алдсан хосууд, тэдний ар гэрийн өмнөөс харамсаад баршгүй. Гэхдээ тэд өрхөө бүтээгээгүй байсан бол, угаар мэдрэгчээ ажиллуулсан бол гэх харуусал эрхгүй төрнө. Хэрэв тэгсэн бол тэд амиа алдахгүй, өнөөдөр бидэнтэй хамт байж, энхрий үр нь удахгүй хорвоод мэндэлж, хэлд, хөлд орохыг, сургуульд сурахыг, гэр бүлтэй болохыг ч харах байв.
Ер нь угаартах, угаартаж амиа алдсан тохиолдлын дийлэнх нь галлагаа хийснийхээ дараа өрхөө бүтээснээс үүдсэн байдаг. Төрийн байгууллагууд иргэдэд энэ чиглэлээр сэрэмжлүүлэх мэдээллийг үргэлж өгдөг ч юманчинээ тоодоггүй, чихнийхээ хажуугаар өнгөрөөх нь элбэг. Арга ядахдаа “Яндангаа хөөлье” гэсэн арга хэмжээ хүртэл зохион байгуулж байх вэ дээ. Гэтэл “Монголчууд хэзээнээсээ гал түлж ирсэн. Яндангаа хөөлөхөө хүнээр заалгав л гэж” хэмээн шүүмжилсэн. Гэхдээ энэ арга хэмжээний ачаар угаартсан иргэдийн тоо буурчээ. Иргэдийн мэдлэг, мэдээлэл ч нэмэгдсэн. Одоо л гэхэд нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газраас орон тооны бус 4500 ажилтанд сургалт хийж, гэр хорооллын айл бүрт очиж, иргэдийн өвлийн бэлтгэлийг шалгах, шаардлагатай зүйлсээр тусалж, дэмжих үүргийг өгөөд буй. Мэдээж төрийн байгууллагын энэ мэт оролцоо, иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох нь чухал. Гэхдээ иргэд өөрсдөө хариуцлагатай байх нь илүү чухал. Хүйтэн байна гээд өрхөө бүтээдэггүй, хүний төлөө амьдарч байгаа мэт аяглахгүй, яндан, зуухныхаа бүрэн бүтэн байдлыг шалгаж, угаар мэдрэгчээ ажиллуулж, дуугарлаа гээд төвөгшөөж, унтраадаггүй байя. Агаарын бохирдлыг бууруулахад, өөрийнхөө, хайртай хүмүүсийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүй байхад иргэн таны, миний оролцоо, хариуцлага чухал. Тэгэхээр бүгдээрээ муу л бол хойд талын хар овоохой гэдэг шиг төрийн байгууллага, хариуцсан албан тушаалтан руу дайрдаггүй, өөрсдөө ч бас хариуцлагатай байя. Бид 1.5 сая гаруй хүн амтай, их хотын иргэд шүү дээ.
Бэлтгэсэн Б.Баяр