“Өнөөдөр” сонины нөхдөөс До.Цэнджавын сэтгүүл зүйн бүтээлийг голчлоод хөрөг бичих даалгавар ирэв. “Монгол ньюс” компанийн уужим дээвэр дор ажиллаж байсан болохоор зөвшөөрөхөөс яалтай. Эрдэмтэн зохиолч До.Цэнджав бид чамлалтгүй олон жил ойр дотно явж “Өнөөдөр” сонинд хамт ажиллаж (үүнийг өгүүлэгч “Би Би Би” сонинд), МУИС-ийн гэрэлт танхимд тохой залган сууж оюутнуудад ном айлдан, Хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлд цуг хуралдаж, хэвлэл мэдээллийн ертөнцийн “халуун цэг”-ийг хэлэлцэж явжээ. Басхүү “Од дэргэд чинь байна” хүүхдийн романых нь анхны уншигч болж үгийн цацал өргөж байлаа.
Эрт цагийн монгол бичгийн мэргэд олон хоногоор бие сэтгэлээ бэлтгэн санаа цэгцэрсний дараа гоёлын хувцсаа өмсөн ном туурвилаа эхэлдгийн адил манай Цэнджав өглөө ирүүт ширээ сандлаа арчин бяцхан цэвэрлэгээ хийгээд сая нэг юм цахим бичвэрийн товчлуур тожигнуулж эхэлнэ. Бусдад ном бүтээлээ дурсгахдаа ч урьд өмнө бодож цэгнэж явсан мэт ончтой үгийг нямбай “сийлж” гарын үсгээ кирилл, босоо монголоор хичээнгүй зурж, он, сар, өдөр, орон байрыг заан тэмдэглэнэ. Өдөр өдрийн ажлаа алга дарам цааснаа тэмдэглэн харж явах. Уншсан сонин, ном бүтээлээсээ онцлох өгүүлбэрийн доогуур хар бэхээр сунайтал зурна. Сүүлийн үед бид хоёр уулзах бүрийдээ, утсаар харилцах болгондоо “Ардын дүрслэлийн хэл”-ний гайхам үгс хэлэлцдэг болов.
Мань хүн наргихдаа ч наргиж, найз нөхөдтэйгөө хууч яриа дэлгэхдээ сайхан хөгжинө. Тэнхим, хамт олноороо салхинд гарч зугаалах, хорио цээргүй уулздаг учирдаг сайхан цаг үед бөхчүүд, улстөрчдийн тухай явган шог ярьж, Дулам багш шинэ баримтаар баяжуулан, зарим нөхдийн хэл аялгыг хүртэл дууриан, Галаа (Д.Галбаатар багш) маань мушийн, ганц хоёр үг ивж, залуу багш нар, охид хүүхнүүд жиг жуг, жирэн год инээлдэнэ. Яриан дунд нь сэр сэрхийсэн сайхан дүрслэл орж ирнэ. Нэгэн удаа төгсөх ангийн оюутнуудынхаа хүсэлтээр “Чингисийн хүрээ” хэмээх амралтын газарт очоод хэдэн гэр аван дөнгөж төвхнөж байтал охид хоол хош бэлтгэн гүйлдэж хэд гурван хөвгүүд манай гэрт ор сандайлаад цогнойлдон суухыг харангуут “Эрчүүд хоол болохыг хүлээгээд бүргэд шиг ёгнойгоод суучихсан уу” гэж шууд хэлж байх.
Ийм нэг сайхан уран бүтээлчийн тухай олон зүйл нуршилгүй 2016 онд Хэвлэлийн хүрээлэн дээр болсон эрдэм шинжилгээний хуралд тавьсан “Сэтгүүл зүйн бүтээлийн хэл найруулгын асуудалд” (Зохиолч, сэтгүүлч До.Цэнджавын сэтгүүл зүйн бүтээлийн жишээн дээр) илтгэлээ толилуулъя. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарсан хуралд олон сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн оролцож байлаа.
Сонирхолтой, шинэлэг, өгөөжтэй… Энэ бол сэтгүүл зүйн бүтээлийн гол шалгуурууд. Мэдээ бол хамгийн сүүлийн үеийн шуурхай, дуулиан шуугиантай үйл явдал, олны танил үзэгдэл, хүн, юмсын тухай шинэ сонин баримт байдаг бол өгүүлэлд зөрчил маргаантай үйл явдал, асуудалд олон түмний анхаарал хандуулах, уншигч, сонсогч, үзэгчдийн хүсэн хүлээж байгаа асуудлыг сөхөн тавих гэх мэт шаардлага шалгуурууд байвч гол нь дээрх гурав. Сонирхолтой бичиж гэмээнэ уншигчтай байна. Дойче Велле телевизийн сэтгүүлч Петер Стайш Монголын сэтгүүлчдэд сургалт хийхдээ “Ярилцлага “яагаад” гэсэн асуултаас эхэлж байвал сайн” гэж номлож байсан нь хоосон хэрэггүй үг биш. Уншуулахын тулд тэр шүү дээ.
Тэгвэл До.Цэнджавын сэтгүүл зүйн бүтээлүүд салахын аргагүй уншууртай юм. Үнэхээр тэр асгаж, цутгаж, цалгитал бичих юм. “Он цагийн шастир” номд Л.Түдэв гуайтай хийсэн ярилцлага гэхэд долоон хэсэгтэй, 27 асуулттай. Арваад жилийн өмнө хийсэн ярилцлага мөртлөө одоо ч уншихад сонирхолтой. Ялангуяа ярилцлага дотроос нь “Дэвшил ба дэглэм” гээд бичээтэхвэл диктатур тогтоох нь гэж гуйвуулна. Гэтэл тэр хүсээд байгаа капитализмын чинь гол хууль нь дэглэм шүү дээ. Дэглэмгүй том үйлдвэр гэж байдаг юм уу. Замбараагүй тавьсан хүн адгуус болдог. Аав ээжийгээ ч егүүтгэдэг. (До.Цэнджав “Он цагийн шастир”, Уб., 2010, 38 дугаар тал) гэсэн хэдэн үгийг аваад үзье. Үнэхээр хэрэгтэй үг. Одоо энэ үг ямар үнэ цэнтэй байгааг эргэцүүлэн бодмоор. Өнгөрсөн онд, бүр тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 22-ны нэгэн шөнө эмэгтэй хүн таксинд суунгуут жолооч нь замаасаа нэг хүн аваад хоёр залуу түүнийг дээрэмдэн зодож ухаан алдуулаад жалганд хаясан хэрэг гарсан. Хохирогч нь эмнэлэг домлого гээд явж байхад үйлдэгчид нь дээрмийн мөнгөөрөө тансаглаж явах. Ийм хүний ёс, харгис хажир нийгэм гэж байх уу. Ерөөс дүрэм журмаа чангатган эмх цэгцэндээ орохгүй бол Монгол Улс монголоо алдаж гүйцлээ. Хаа хаанаа дэглэм журамдаа ормоор байна. Үүнийг олон түмэн хүсэж буй.
Тухайн цаг үедээ МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга зэрэг дээрээсээ бараг хоёр дахь хүн гэгдэж явсан хэрнээ гэнэтхэн улс төрийн эсэргүү Ц.Төмөр-Очирын хамсаатан гэдэг хэргээр хэлмэгдэж хөдөө сумд газар заагдан хөөгдөж явсан олон үйл хэргийн гэрч болох Сампилын Жалан-Аажав гуайтай хийсэн “Түүхийн хуудаснаас үнэнийг арчиж устгаж болдоггүй” ярилцлагын асуултууд эвлэг зөөлөн байдлаар эх сурвалжийн “хөлд нь суун” дотоод ертөнцийг уудалсан нь амттай юм. “Үүрэг даалгавраа гялалзтал биелүүлдэг, ажлаа арван хуруу шигээ мэддэг, бүх талаар товойсон, үнэхээр нэг урам төрмөөр сайхан хүн байдаг шүү дээ. Өнөөдөр та надтай ярилцахдаа хэнийг дурсмаар байна?”, “Одоо та хоёр хааяа уулзаад дундаа нэг шил юм тавьчихаад хуучилж ярилцдаг уу?”, “Үгүй, би чинь эсэргүү болоод 10 гаруй жил явчихсан хүн. Тэднийг би их айлгасан даа. Эсэргүү хүнтэй их нийлбэл хоолноосоо сална шүү дээ?”, “Та Моломжамц гуайг магтаад байдаг. Өөрөө ч олигтой үг хэлэхгүй юм. Гэтэл Ю.Цэдэнбалын ойрын тойрон хүрээлэгч гээд ширүүхэн байсан шүү дээ?” гэх мэтээр мярайн “дөхөж” очсон байх юм. Ингэсээр ингэсээр амыг нь халааж яриа илүү дотно сайхан хөөрөлдөөнд хүрч, бүүр цаашлаад “Таныг Төмөр-Очирын хамсаатан гэсэн гол хэргээр төрийн эсэргүү болгосон. Дахин ярилцах боломж гараа ч уу, үгүй ч үү, энэ хүний талаар тогтож ярилцмаар байна? -Та намайг нэлээд тулгаж байна. Зөв өө. Сэтгүүлч хүний ажлын онцлогийг би мэднэ…” (До.Цэнджав “Он цагийн шастир”, Уб., 2010, 46 дугаар тал) гэх зэргээр ярилцсан байх жишээтэй. Социализмын хатуу хяналт дор, төр, засгийн том алба хашиж явсан эрхмээс хэн ч асууж зүрхлэмгүй асуултыг эвийг олоод асуучихдаг нь мэргэжлийн ур чадвар. “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орсон хүнийг хөөргөж онгироож байгаад хэлэхгүй юмыг нь хэлүүлчихдэг айхавтар улс юм гэж олон түмэн шуугьж байна. Далд байгаа, хэлэхийг тэр бүрий хүсдэггүй үгийг нь яриулна гэдэг амаргүй. Ийм түлхүүр сэтгүүлчид л байдаг.
До.Цэнджав халтал, хөөртөл, хөөсөртөл бичнэ. Монголын нэртэй яруу найрагч Б.Доржпаламын тухай “Омскийн дэлт чоно” хөрөг нь нэрнээсээ эхлээд уншигчийн сонирхол татна. Хүнийг чонотой зүйрлэлээ гэж хэн ч үл гайхах. Яагаад гэвэл энэ нэрийг далаад оны Мандалговийнхон өгсөн болохоос хөрөг бичигч санаанаасаа зохиогоогүй. Харин энэ нэрийг хөргийн гарчиг болгож аваад түүндээ дүйцтэл бичиж яруу найрагчийн омголон хөөрүү занг дурайтал зурсан нь шүлэгтэй газар нь шүлгийг нь, нулимстай газар нь нулимсыг нь дуслуулж өгсөн нь яахын аргагүй том ололт. Хөрөг бичвэр эхлэхдээ “Далаад оны сурагч биднийг Мандалговь хотын 10 жилийн сургуулийн дотуур байранд байхад нэг аймшигт амьтан гэнэт гараад ирлээ. Гашуун нясуун юм сэнгэнүүлээд энэ тэрийг сэжигтэй ажсан эвгүй харцтай, шилээ дарсан урт үстэй, орос хороом гутлын түрийг гармуушиглан дарсан, улаан эрээн ороолт хайш яйш унжуулсан олигор хар нөхөр хаанаас гараад ирснийг мэдэхгүй, тэрийг ч дэлсэж гэнэ, үүнийг ч ичээж айлгаж гэнэ, тэрний хоолойд хутга тулгаж гэнэ гэсэн дэл сул яриа хаа сайгүй дуулдах болов. Нэр ч байхгүй. “Омскийн дэлт чоно” л гэнэ. Үнэхээр аюумшигт ”дэлт чоно” гэвэл тэр мөнөөсөө мөн байлаа. Царай зүс арай гайгүй охидыг эргүүлнэ, тоохгүй бол яаж ч магадгүй ийм хачин дээрэнгүй хүн гараад иржээ” хэмээн уншигчаа гайхширтал омог сүртэй лийд хийжээ. Тайллыг их сайхан гаргана. “Гэтэл тэрхүү “Омскийн дэлт” буюу бидэнд шар ус хуруулсан аймшигт амьтан маань Барнангийн Доржпалам хэмээх авьяаслаг яруу найрагч болсон юмсанж” Монгол ахуйг сайхан дүрсэлдэг уран бүтээлч байсныг бид мэднэ. “Миний ээжийн шар гал” гэж ямар сайхан шүлэг байдгийг Монголын яруу найрагт хайртай уншигчид андахгүй мэднэ.
Тэрбээр дүрсэлж, зураглаж, харагдтал өгүүлж чадна. Хүний дүрийг ч нүднээ үзүүлж эх орны байгаль нутаг ус, тэр тусмаа тэмээ бөмбөлзүүлж наран дуниартсан говь нутгаа харагдаж, халуун нар нь төөнөтөл сайхан зураглана. Таана сэнгэнүүлсэн тал нутгийн зөөлөн салхи нүүр илбэн, хараа алдран цэлийсэн уудам тал өөрийн эрхгүй нүднээ тусна. “Гэрийн маань урдуурхан салаа замаар “жаран ес” үе үе сүр бараатай өнгөрнө. Машины хойноос харж зогсох дуртай байлаа. Тоос нь чамгүй удаж замхардаг болохоор цөөнгүй машин байгаа биз. Тэгээд л аагим халуунд хонио услахаар худаг руу дүүгээ дагуулан сажилдаг сан. Гадаад, дотоодын томоохон дарга, зочид тэртээ зүүнтээ тэнгэрийн хаяанд хөрөөний ир шиг ирийн цэнхэртэх Их газрын чулууг ёс юм шиг заавал үздэг байлаа.
Өөрөө нэгэнтээ “Дундговьд сурганы кабинетын эрхлэгч байхдаа багш нарын бага хуралд тавих илтгэлийг машин дээр шууд бичихэд Аюур, Мөнхдалай нар гайхдаг сан. Гайхах юмгүй. Би үзгээр барагтай бол бичиж чадахгүй болчихож. Нэг л удаан… үг хойно хойноосоо овоорч бөглөрөөд л түрүүчээсээ хулжаад алга болно. Заримдаа үзгээ аваад чулуудчихмаар санагддаг. Комьпютер бол түүний дэргэд тэмээгээр явж байгаад машинд суухын дайтай урамтай юм гээч. Хамгийн гол нь үгээ засаж болдог нь даанч урамтай” гэж дурссан нь бий. Баримтаа хангалттай цуглуулж оюундаа олон дахин холбируулан боддог, сэтгэлдээ бичдэгийн жишээ энэ.
Цэнджав зангирч, ончирч, догдолж бичнэ. Үг сонголтыг сайн олох юм. Адал явдлын тэмдэглэл хүртэл бичсэн байх юм. Бяр зааж, эрч цэнэг хуримтлуулж мэдлэг түгээж бичих юм. “Маргааш дайн эхэлчих юм шиг 1080 хоног” хэмээх эсээ баримтат туужид уншигчийн сонирхол татах, гижиг инээдийг хүргэх хэсэг олон бий.
Оюутны байрны тухай хэсэгт “…Буцалж байгаа үхрийн хавиргыг тэр чигээр нь “Сүхбаатар” киноны Гомбо шиг цувныхаа суганд хийгээд явчихыг харахад гайхмаар шүү. Ялангуяа манай тамирынхан аймшигтай махчид. Батхуяг чоно хоёрыг адил гэдэг сэн. Тэрбээр хар багаасаа өнчирсөн, “сургуулийн” гэх овогтой хээгүй, ил цагаан сэтгэлтэй, айх ичих юмгүй марзан бадируун том эр гал тогооны үүдээр нэг хавираад өнгөрсөн бол нэг байтугай түмпэн хоол юу ч үгүй ховх сорогдоно. Халуун хоолыг тийм амархан, тэгж түүртэлгүй иддэг хүн бас байдгаа гэж гайхширмаар…” (До.Цэнджав “Тэнгэрт хальсан тоос” Уб, 2014, 609-610 дугаар тал) гэж бичсэнийг уншихаар дал, наяад оны оюутны амьдрал нүдэнд тусаад ирнэ.
Ерөөс нотолж, баталж, үнэмшүүлж бичих юм. Жишээ нь “Нарангийн хувилгаанийг хүмүүжүүлэх гээд навс хүмүүжигдсэн түүх”, “15 дугаар жилийн наадам” зэрэг бүтээлд олон жилийн өмнөх үйл явдлыг уншигчийн ой тойнд буулган бичсэн нь бахархалтай. “Жанжин Дэмид урд хоёр хөлийн шилбийг тууз мэт торгоор жимбийтэл ороосон өндөр хүрэн тоомсог морины жолоо юугий нь бага зэрэг татасхийгээд тэр нь дороо бүжиглэх мэт цөмцөгнөж алхаж гишгэх нь мөн ч жавхаатай сүрлэг харагддаг сан. Дэмид маршалын гоёмсог хувцсан дээр одонгоо зүүчихсэн яралзтал инээхэд алтан шүд нь тод их л содон харагддаг сан. Жанжныг хаана л явна хүн шаваад байна. Олны хайр, анхаарлыг татдаг онцгой сонин увдистай хүн байж дээ гэж би одоо боддог” хэмээн эдүгээгээс наян жилийн тэртээхийг дүрслэн харуулсан байна.
Ардын хэлээр амталж давсалж чимж жор хужрыг нь тааруулж бичих юм. “Өвсөнд ороовч үхэр тоохгүй, өөхөнд боовч нохой тоохгүй”, “хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй” гэх зэрэг олныг дурдаж болмоор. Бичгийн их хүн Чой.Лувсанжав багшийн айлдсан “Хэл бол салхи, бичиг бол мөр” гэсэн үгийг би хэлэх дуртай. Байнга бичиж өөрийгөө дасгалжуулж хол ойрыг харьцуулан, үүх түүхийг гаргаж ирж сонирхолтойгоор дэлгэн тавьж Монголын агаар амьсгалд буулган монгол оюуны сэтгэхүйд нийцүүлэн бичдэг нь сэтгүүлч, доктор, профессор До.Цэнджавын эрлийн үр дүн, бичлэгийн онцлог юм. Энэ нь “Америкийн тухай тэмдэглэлүүд” зэрэг олон бүтээлээс нь харагдана.
Сэтгүүл зүйн хэл муудаж байна. Хэдхэн жилийн өмнө Монголын сэтгүүл зүйд орж ирсэн “Хонгилын үзүүрт гэрэл харагдана”, “амь тариа”, “ногоон гэрлээр гарах”, “цагаан захтан”, “хэрүүлийн алим”, “матрын нулимс”, “загалмайлсан эцэг”, “лааз өшиглөх”, “хор найруулах”, “луу унжих”, “хуулийн цоорхой”, “цус сэлбэх”, “ходоодоороо сонгуульд оролцох” гэх мэт үгсийг төвөггүйхэн ойлгож таньдаг болоод багагүй хугацаа өнгөрчээ (“Хэлний соёлын тулгамдсан асуудлууд” ШУА, ХЗХ, Уб, 2010, 105-106 дугаар тал) гэж доктор О.Шинэбаяр, Э.Пүрэвжав нар шүүмжилж байсан. Өнөөдөр ч бас шүүмжилж л байна. Цаашдаа ч шүүмжилж таарна. Би түүний эсрэг магтаал хэлэх гэсэн юм. Та бүхэн уран зохиолын хэлний тухай ярьчихлаа гэж бүү бодоорой. Харин уран зохиол шиг амттай сэтгүүл зүйн хэлний тухай ярьсан шүү. МУБИС-ийн багш, профессор Ж.Батбаатар, доктор С.Амартүвшин нар “Сэтгүүлчийн ур чадвар” номдоо “Утга зохиолын хэлний бичгийн болон “завсрын” шинжийг агуулсан, янз бүрийн түвшний боловсролтой хүмүүс, хэрэглэгчдэд зориулагдсан хамгийн “энгийн” ойлгомжтой, тодорхой (уран сайхны болон шинжлэх ухааны хэл найруулгаас ангид) хэл зүйн хэм хэмжээг баримталсан байх нь сэтгүүл зүйн хэл найруулгын үндсэн шаардлага болдог” гэж бичсэн байдаг.
Сайн бичвэрүүдийг эталон болгон тавьж байж сайжирна. Сэтгүүл зүйн ном сурах бичигт олон оруулах хэрэгтэй. Монголын сэтгүүлчдийн байгууллагаас гаргаж байгаа сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн түүвэрт До.Цэнджавын бүтээл харагдахгүй байна. Сүүлийн үед нэлээд оруулж байгаа боловч сонголт нь харилцан адилгүй. Орон нутгийн сэтгүүлчдийн сайн бүтээлээс оруулдаг алдаршуулдаг байх хэрэгтэй. Уран сайхан бичлэгийг шалгаруулдаг жишиг тогтоож болох юм. Сэтгүүл зүйн ном хаялцдаг, үнэтэй маргаан мэтгэлцээн өрнүүлдэг байж ч болох юм.
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч До.Цэнджав 1996-1999 онд “Өнөөдөр” сонинд сурвалжлагч, орлогч эрхлэгчээр ажиллаж байсан. 2014 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн