Олимпын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаярын үйлдсэн хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр гомдол гаргасан гэнэ. Олимпын аваргад холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатанд байгаа талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа. Тус газраас "Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын I хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж буй. Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газарт хандаж Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгүүлэх талаар гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад, гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичиж хэргийг мөрдөх байгууллагад буцаан хүргүүлсэн. Одоо хэрэгт хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурьдсан асуудуудлуудыг шалгах ажиллагаа хийж байна" гэх хариулт өгөв.
Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, биед нь гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан хэргээр шалгуулж буй билээ.