Аж ахуйн нэгжүүд гурван талт “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагаагаа нээсэн. Тухайн байгууллагууд үүргээ хэрхэн биелүүлж буйг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан шалгажээ. Улмаар зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, удаа дараа зөрчил гаргасан бол “Хариуцлагын гэрээ”-г цуцлах хүртэл холбогдох хууль, тогтоомжийн дагуу арга хэмжээ авч буй. Тухайлбал, өнгөрсөн баасан гараг буюу энэ сарын 10-ны орой Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон үйлчилгээний байгууллагуудад хяналт шалгалт хийв. Шалгалтаар хэд хэдэн нийтлэг зөрчлүүд илэрсэн гэнэ. Тухайлбал, хичээл сургууль эхэлсэнтэй холбогдуулан залуучууд халдвар хамгааллын дэглэм зөрчиж, хэт их бөөгнөрөл үүсгэсэн, амны хаалт зүүхгүй байх, аж ахуйн нэгжүүд хүчин чадлынхаа 50-иас илүү хувиар үйлчлүүлэгч хүлээж авах, цаг хэтрүүлэн ажиллах, нэмэлт тоног төхөөрөмж ашиглах, олон хүнийг хамарсан хүлээн авалт хийж, “Хариуцлагын гэрээ”-гээ зөрчсөн байна. Өмнөх хяналт шалгалтуудаар зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээ авч байсан. Гэвч аж ахуй нэгжүүд “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагаа зохион байгуулж, “Хариуцлагын гэрээ”-н дэх заалтуудыг удаа дараа зөрчсөн тул заримынх нь “Хариуцлагын гэрээ”-г цуцалжээ. “Хариуцлагын гэрээ”-г хүчингүй болгосон тохиолдолд тухайн байгууллагууд иргэдэд заалаар үйлчлэхгүй бөгөөд зөвхөн хоол хүргэлтийн үйлчилгээ үзүүлж болох юм.