"Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь" сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж буй. Уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Цар тахал үргэлжилсэн амаргүй цаг үед энэхүү зөвлөлдөх уулзалт болж байна. Дэлхий дээр 4.6 сая хүн КОВИД-19 халдварын улмаас нас бараад байна. Манай улсын хувьд 232 мянга гаруй иргэн цар тахалд өртөж, өнөөдрийн байдлаар 973 хүн нас барлаа. Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан ард иргэдийнхээ ардаас харамсан гашуудаж байна. Тэдний ар гэр төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Цаашид бидэнд иргэдийнхээ бодит орлогыг өсгөх хэрэглээг нь дэмжих, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх, экспортыг богино хугацаанд сэргээх, томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх хүртээмжийг нь сайжруулах, баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжих зэрэг тулгамдсан олон асуудал бидэнд байна. Тийм учраас улс орны эдийн засгийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх явдал чухал гэж төрийн тэргүүн үзэж байна. Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд экспортын зориулалттай бүтээн байгуулалтыг барьж байгуулан ажлын байрыг олноор бий болгож, үйлдвэрлэгч экспортлогч улс болох шаардлагатай байна. Иргэн баян бол улс баян гэж үг бий. Судалгаанаас харахад манай орны ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч хүн амын гуравны нэг нь ядуу хэвээрээ байна. Энэ утгаараа Монголчууд бид ядуурлыг бууруулахад онцгой анхаарч ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болох зорилтыг тавьж, хамтдаа ажиллацгаая. Тиймээс ядуурлын тухай өдөр бүр санаж, ялангуяа цар тахлын үед орлого багатай иргэдийн амьжиргааг хамгаалах, ажлын байрыг хадгалах, шинээр ажлын байр бий болгоход онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Энэ зорилтыг хангахын тулд үйлдвэр үйлчилгээний салбарт ажиллаж байгаа баялаг бүтээгч бизнес эрхлэгчдээ дэмжин хамтран ажиллаж, тусалж, аливаа эрсдэлээс хамгаалъя. Ажиллаж амьдрах эрх зүйн таатай боломж нөхцөлийг та бүхэнд олгож өгье. Энэ бол төр засгаас хийх ёстой ажил. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт нь баялаг бүтээгч, хөрөнгө оруулагч та бүхэн үйл ажиллагаагаа хэвийн явуулахад учирч буй хүндрэл бэрхшээлийн талаар болон төр засгаас явуулж бодлого нь та бүхний ажил амьдрал, санаа бодол хэрхэн нийцэж буй талаар нээлттэй сонсож, санаа бодлоо нэгтгэн цаашдын гарц шийдлээ олохын тулд зохион байгуулагдаж байна. Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид тулгамдаж байгаа асуудлаа хамтарч шийддэг байх ёстой” гэв.
Зөвлөлдөх уулзалтаас хэрхэн хамтран ажиллах болон гарц шийдлээ тодотгосон зөвлөмж гаргах бөгөөд үүнийг ажилдаа тусгахыг Монгол Улсын Ерөнхийлөгч чиглэл болгов.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн мөнгө хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байгаа нь хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй
Хүүхдийн мөнгийг бэлнээр хүүхэд бүр олгох нь хүүхэддээ бүрэн хүрч чадахгүй байна. Энэ нь нөгөө талаараа халамжийн бодлогыг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэхгүй байх сэдлүүдийг бий болгож буй. Тиймээс хүүхдийн мөнгийг ирээдүйд бэлнээр нь олгох бус тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу хийдэг байх бодлогыг баримтлана. Хүүхэд тодорхой цаг хугацаанд энэ мөнгөө хадгаламжаар аваад тухайн иргэн амьдралын зах руу хөл тавих үед 15-20 сая төгрөгийн хадгаламжтай байх болно. Ингэснээр ирээдүй боловсрол, ирээдүйн эрүүл мэнд, ирээдүйн орон сууцтай иргэнийг бид бий болгож чадна.
Тэгвэл хувийн хэвшлийн хийгээд олон нийтийн төлөөллөөс хэн юу гэж хэлснийг хамтдаа сонирхъё.
Ажил олгогч эздийн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар: Долоо хоногт 3200 байцаагч ААН-үүдийг шалгаж байна. Төр шалгалтаа зогсоо
Мэргэжлийн хяналтын 3200 байцаагч аж ахуйн нэгжүүдэд хяналт тавин ажилладаг. Тэднийг нэг хэсэг ажиллуулахгүй байх саналыг тавьж байна. Эдийн засгийг сэргээхийн тулд аж ахуй нэгжүүдийг шалгах шалгалтаа зогсоо. Долоо хоногт 3200 байцаагч ААН-үүдийг шалгаж байна. Үүнийг зогсоогооч, хариуцлагыг нь ажил олгогч бид хүлээе. Төр битгий оролц. Эдийн засаг хүндэрсэн учраас 2021-2022 онд ААН-дэд ямар нэгэн торгууль тогтоохгүйгээр өнгөрөөч. Энэ үед нь хяналт шалгалт хийгээд торгууль, алданги тооцохоо болих хэрэгтэй. Хэрэв 2021-2022 онд борлуулалтынхаа орлогыг нэмсэн ААН байгаа бол татвараас чөлөөлөөсэй. Тухайлбал, 100 сая төгрөгийн борлуулалтыг 150 сая болгосон бол 50 сая төгрөгийн орлогыг татвараас чөлөөлөөсэй гэж хүсэж байна.
МСS группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал: Нүүрсний үнэ оргил үедээ хүрсэн тул Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлагатай
Манай эдийн засаг зэс, алт, нүүрс, цайрын орлогоос бүрддэг. Зэс, алт нийлээд 2 тэрбум ам.долларын экспорт хийдэг. Зүүн баяны төмөр зам ашиглалтад орвол төмрийн хүдрийн борлуулалт өснө. Нүүрсний тухайд өнөөдөр 2 тэрбум ам.долларын орлого авчирдаг. Одоо нүүрсний үнэ оргил үедээ байна. Гашуунсухайт, Шивээ хүрэнгийн хилийн боомтын терминалыг яаралтай ашиглалтад оруулах шаардлага бий. Худалдааны санхүүжилтийн хэрэгслийг хурдан шийдвэл том төслүүдэд Засгийн газрын баталгаа чухал үүрэгтэй. Төр хувийн хэвшил хамтран ажиллах гэж байгаа бол Хөгжлийн банк, Засгийн газрын баталгаа эерэг нөлөө үзүүлдэг.
Шунхлай группийн Ерөнхийлөгч П.Батсайхан: Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна
Цар тахал бидний амьдралыг ихээхэн өөрчиллөө. Үүний дараа дэлхий хоёр хуваагдана. Нэг талаас цар тахлыг амжилттай даван туулсан улсууд, нөгөө талд тахлын өмнө сөхөрсөн, эдийн засаг нь туйлдсан орнууд байх болно. Энэ эгзэгтэй үед тэсэж үлдэх нь Засгийн газар , УИХ-ын гишүүдийн алсын хараа, манлайллаас шууд хамаарна. Бид мэргэжлийн амбиц гарган, хүнд суртал үзүүлж, нутаг усны талцалд хуваагдах нь хөгжлийн хамгийн том чөдөр тушаа болж байв. Эдийн засгийн хамгийн хүнд ачааг хувийн хэвшил үүрч ирлээ. Цаашдаа ч үүрэх ёстой гэдгээ ухамсарлаж байна. Яг одоо төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус агаар мэт хэрэгтэй байна.
Буян компанийн захирал Б.Жаргалсайхан: Жагаа сайд болох нь гээд байв
Би энгийн зүйлээс ажил амьдрал эхэлдэг юм ээ гэдгээр хэдэн зүйл хэлье. Архины асуудал хэрээс хэтэрлээ. Архичид их боллоо. Ажил хийдэг хүн алга байна. Цалингаа аваад хоёр гурван хоногоор алга болчихдог. Архины татвар нэмэх хэрэгтэй байна. Хөдөө явна бүгдээрээ согтуу, хотод ирнэ согтуу. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. УИХ-ын даргад спиртийн онцгой албан татварын хууль нэн яаралтай санаачилж оруулж ирээч ээ гэж хэлмээр байна. Хоёрдугаарт, Засаг дарга, ИТХ, гээд бүгдээрээ улсын төсвөөс халбагаддаг. Орон нутгийн төсвийн 50 хувийг орон нутгийн татвараас бүрдүүлдэг больё. Улсын төсвөөс бүгдийг нь халбагаддаг баймааргүй байна. Гуравдугаарт худалдааны яамтай болмоор байна. Японоос баахан машин оруулж ирдэг. Эргүүлээд гаргаж байгаа зүйл алга. Үүнийг зохицуулдаг яамтай болмоор байна. Би тэр яамны сайд болох гээгүй шүү. Жагаа сайд болох гэж байна гээд байв.