Тажикистанд болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтын үеэр Ираныг гишүүнээр элсүүлэх үйл явц эхэлснийг зарлах нь. Эл арга хэмжээнд Ираны шинэ Ерөнхийлөгч Эбрахим Раиси оролцох бөгөөд энэ нь түүнийг хилийн чанадад хийх анхны айлчлал болох юм. Урьд нь ШХАБ-д Иран элсэхэд олон улсын хориг арга хэмжээ саад болдог байжээ.
Энэ сарын 16-17-нд болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт нь тус байгууллагын ойн арга хэмжээ болох аж. 1996 онд байгуулагдсан “Шанхайн тав” (Казахстан, Киргиз, Хятад, Орос, Тажикистан) хэмээх байгууллагад Узбекистан нэгдсэн 2001 оноос ШХАБ-ын үйл ажиллагаа эхэлсэн юм. Өдгөө тус байгууллага найман гишүүнтэй. 2017 онд аюулгүй байдал, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүс нутгийн тус байгууллагын гишүүнээр Энэтхэг болон Пакистан элссэн. Удахгүй гишүүдийн тоо ес болох аж.
ШХАБ-д Тегераныг шууд элсүүлэхгүй. Шинэ Дели болон Исламабадын элсэх ажиллагаа бараг хоёр жил үргэлжилжээ. Гэсэн ч элсэх үйл явцыг албан ёсоор эхлүүлэх нь 10 гаруй жилийн өмнө хүсэлт гаргасан Ираны хувьд үсрэлт юм.
ШХАБ-ын дэргэдэх ажиглагчийн статусыг Тегеран 2005 онд авсан бөгөөд гурван жилийн дараа бүрэн эрхт гишүүн болох хүсэлтээ гаргажээ. 2015 он хүртэл олон улсын хориг арга хэмжээний улмаас Иран тус байгууллагад элсэх боломжгүй байв. ШХАБ-ын дүрэмд зааснаар гишүүн улс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс хориг арга хэмжээ авхуулсан байх ёсгүй. Цөмийн хөтөлбөрөө хязгаарлахаар зөвшөөрсөн 2015 онд Тегераны эсрэг авсан хоригийг цуцалсан юм. Гэсэн ч энэ нь ШХАБ-ын хаалгыг шууд нээгээгүй.
Тус байгууллагын гишүүд дундаас Ирантай хамгийн найрсаг харилцаатай байсан Тажикистан гэнэт Тегераны хүсэлтэд хориг тавьжээ. Душанбе Тегераныг Тажикистаны исламын сэргэн мандлын намыг дэмждэг, тус байгууллагын террорист үйл ажиллагаанд шууд оролцоотой хэмээн буруушаасан юм. Эл маргааныг санхүү, геополитикийн хүчин зүйлүүдтэй холбоотой байж болохыг шинжээчид урьд нь үгүйсгээгүй аж.
Гэсэн ч хэсэг хугацааны дараа уг маргааныг зохицуулсан юм. Ираны Ерөнхийлөгч Эбрахим Раиси Душанбед удахгүй айлчилна. Өнгөрсөн зургадугаар сард уг албан тушаалд сонгогдсон цагаас хойших хилийн чанад дахь анхны айлчлал нь энэ болох гэж буй. ОХУ Ираныг элсүүлэхийг дэмжиж байгаа бөгөөд олон улсын тавцанд ШХАБ жинтэй байр суурь эзлэхэд тус болно гэж үзэж байна.
Иранаас гадна ШХАБ-д ажиглагчийн статустай гурван улс бий. Энэ нь Афганистан, Беларусь, Монгол. Үүнээс гадна Азербайжан, Армени, Камбож, Балба, Турк, Шри Ланка яриа хэлэлцээний түншийн статустай. Мөн Бангладеш, Саудын Араб, Сири, Египет, Израил, Мальдив, Украин, Ирак, Вьетнам, Бахрейн, АНЭУ, Катар гэсэн 12 улс ажиглагч, эсвэл түншийн статустай болохыг эрмэлзэж буй.