“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг өнгөрсөн баасан гарагт хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Д.Хаянхярваа хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, уул уурхайн салбарын хөгжил, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс хэрэгжүүлж буй ажлууд, зарим төслийн талаар танилцуулж, санал солилцов. Элчин сайд Цай Вэньруй хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд уул уурхайн салбарын үүрэг, оролцоо чухал болохыг онцлоод, сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлтөөс гадна үр өгөөжийг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын төр, хувийн хэвшлийнхэн онцгой анхаарч буйг тэмдэглэн хэллээ.
Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” компанийн зүгээс эрчим хүчний экспортын 5280 МВт-ын, “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 МВт-ын цахилгаан станцуудын төслийн явц болон “Багануур”, “Шивээ-Овоо”- гийн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-д экспортлох чиглэлээр ажиллаж буй талаар танилцуулж, эдгээр төслийг дэмжихийг элчин сайдаас хүсэв. Мөн “Багануур”, “Шивээ-Овоо” компанийн уурхайн эрчим хүчний нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх геологи хайгуулын төсөлд хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн.
Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний экспортын 5280 МВт-ын цахилгаан станцын төсөлд БНХАУ-ын туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани хамтран ажиллаж байгаа нь цаашид Монгол Улсын эрчим хүчний болон нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломжууд нээнэ гэдэгт итгэж байна. Иймд эрчим хүчний экспортын цогцолбор төслүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хөрөнгө оруулагчдыг татахад гүүр болж дэмжин ажиллах болно. Хоёр орны хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээлээ. Мөн цар тахлын хүндрэлтэй нөхцөл байдлыг дэлхий нийтээр богино хугацаанд даван туулах боломж хомс энэ үед БНХАУ-ын төрөөс хилийн боомтуудад чингэлэг, жолоочгүй, агаарын, конвейр тээвэр зэрэг техник, технологийн дэвшил ашигласан тээвэр ложистикийг хөгжүүлэх бодлогыг түлхүү баримталж буй гэв.
Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжүүлснээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал нэмэгдэн, тээврийн зардал буурч, байгаль орчин, экологид учруулах сөрөг нөлөө багасах зэрэг олон давуу талтайгаас гадна Монгол Улсын нүүрсний болон уул уурхайн бүтээгдэхүүний экспорт бодитой өснө гэдэгтэй уулзалтад оролцогчид санал нэгдлээ.