Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Малын удмын сангийн үндэсний төв хамтран гойд ашиг шимтэй, нутагшсан малын дуудлага худалдааг анх удаа Дархан-Уул аймагт өнгөрсөн баасан гарагт зохион байгуулав. Уг худалдаагаар Франц улсаас импортолсон мах, сүүний чиглэлийн, үржлийн 176 гунж, бух, нарийн, нарийвтар ноостой махны чиглэлийн 350 хонь, хуц санал болгожээ. 130 малчин, аж ахуйн нэгж оролцсон уг арга хэмжээний үеэр бух 10, гунж тав, хуц зургааг бэлэн мөнгөөр болон лизингээр борлуулснаа дээрх төвөөс мэдээллээ. Түүнчлэн үхэр, бухын үнэ 14 сая төгрөгт хүрсэн бол хонь, хуцыг гурван саяар худалджээ. Нутагшсан гэдэг нь манай улсад 4-5 жил идээшсэн, цаг уур, байгалийн нөхцөлд дассан, үр төлөө өгөх чадвартай малыг хэлж буй гэнэ. Дуудлага худалдаагаар борлуулсан Францын ангус, лимузин үүлдрийн үхэр, меринос үүлдрийн хонийг 9-16 сар тэжээхэд дөрвөн жилээс дээш хугацаагаар малласан нас гүйцсэн бог, бодоос гарах ашиг шимээс давсан өгөөж хүртэх аж. Цаашид нутагшсан болон нутгийн ашиг шимт малын дуудлага худалдааг улирал тутам зохион байгуулж, малчид, аж ахуйн нэгжүүдийг өндөр үнэтэй мал авахад нь зориулан төрөл бүрийн хөнгөлөлт үзүүлэх боломж бүрдүүлэхэд салбарын яам анхаарах нь.
Бэлтгэсэн С.Дулам