Нийслэлийн агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, агаарын бохирдлыг багасгах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэдэд танилцуулах зорилгоор “Өнтэй өвөлжье” өдөрлөгийг өнгөрсөн бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Уг өдөрлөгт нийслэлийн Орон сууцын дэд бүтцийн газар, “Тавантолгой түлш” компани болон халаалтын шийдэл, түлшний хэмнэлттэй зуух танилцуулсан 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцов. Энэ жил 189 000 орчим өрх сайжруулсан түлш хэрэглэх тооцоог дээрх компанийнхан гаргасан бөгөөд нэг айлд долоо хоногт зургаан шуудай түлш ногдох боломжтой хэвээр гэв. Одоогоор тус компанийнхан 40 000 орчим тонн түлш нөөцөлсөн бөгөөд нэг уутных нь үнэ 1850 төгрөг байх аж. Цахилгаанаар гэр, байшингаа халаах, “ухаалаг” материал ашиглан дулааны алдагдлаа бууруулах боломжийн талаар аж ахуйн нэгжүүд танилцуулсан юм. Тухайлбал, уур үл нэвтрүүлэх цагаан бүрээс, дотор хаяавчтай шалавч, агаар сорох төхөөрөмж, халаагуур зэргийг ашиглан нэг сард ихдээ 80 000 төгрөгийн эрчим хүч зарцуулан 5-6 ханатай гэрийг халаах боломжтойг дуулгав. Халаалтын уг иж бүрдлийг хоёр сая гаруй төгрөгөөр, эсвэл нэг жил хүртэлх хугацаагаар лизингээр авч болох нь. Түүнчлэн түлшний хорогдол гаргахгүй, бүрэн шаталттай зуух гэхэд хэдэн ам метр талбайг халаахаас шалтгаалан 7-8 янз байгаа аж. Үнэ нь 200 000- 800 000 төгрөг гэнэ.
Ташрамд дурдахад, ДЦС-уудын нүүрсний томоохон нийлүүлэгч “Багануур” компанийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц өнгөрсөн долоо хоногийн байдлаар 82 хувьд хүрч, уурхайн орчинд 312 000, станцуудын талбайд 249 200 тонн нүүрс нөөцөлсөн гэнэ. Тус компани өвлийн ид ачааллын үед 11.2 сая шоо метр хөрс хуулж, 308 900 тонн нүүрс борлуулахаар төлөвлөжээ. Тэгвэл дулааны шугам, хоолойн засвар, үйлчилгээ, цахилгаан дамжуулах дэд станцуудын их болон урсгал засварын ажлын явц одоогоор 80 гаруй хувьтай үргэлжилж буйг Эрчим хүчний яамнаас мэдээллээ.
Бэлтгэсэн С.Цэрэн