Хэрэв танд “Ковид-19”-ийн шинж тэмдэг илэрвэл шинжилгээ өгөх гэж цаг алдалгүйгээр өрхийн эмнэлэгтээ хандан шууд тусламж, үйлчилгээ авч болно гэж Улсын онцгой комиссоос мэдээлэв. Учир нь манай улс иргэдээс заавал шинжилгээний хариу шаардахгүйгээр эмнэл зүйн шинж тэмдэгт нь суурилан “Ковид-19”-ийг эмчлэхээр болжээ. Энэ нь шинжилгээний зардлыг бууруулах арга хэмжээтэй холбоотой гэнэ. Тодруулбал, улсын хэмжээнд өдөрт 12 000 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамруулахад 500, түргэвчилсэн 10 000 шинжилгээнд 200, нийт 700 орчим сая төгрөг зар цуулж байгаа аж. Эл зардлыг бууруулахын тулд шинжилгээний тоог хязгаарлахаас аргагүйд хүрчээ. УОК-ын нарийн бичгийн дарга О.Батбаяр “ДЭМБ-аас “Ковид-19”-ийн оношилгооны стратегиа өнгөрсөн зургадугаар сарын 25-нд шинэчилсэн. Энэхүү стратегид PCR-ийн хариу 48 цагийн дотор гарах боломжгүй тохиолдолд уг шинжилгээг хийх шаардлагагүй гэж зөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор манай улс ч өөрчлөлтүүд хийж, иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхийн тулд өнгөрсөн зургадугаар сард түргэвчилсэн оношилгоог өргөн хүрээнд хийж эхэлсэн. Тэгвэл энэ удаад дельта хэлбэрийн халдварын тархалт ихэссэнтэй холбоотойгоор иргэдийг заавал шинжилгээнд хамруулахгүйгээр, эмнэл зүйн шинж тэмдэгт нь үндэслэн эмчилж эхлэх үүргийг эрүүл мэндийн байгууллагуудад өглөө. Тиймээс шаардлагагүй тохиолдолд шинжилгээнд бүү хамрагдаач ээ гэж иргэдэд уриалъя. Түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтнуудаасаа шинжилгээний хариу шаардахаа зогсоох хэрэгтэй. Дельта хэлбэр нь амны хаалтгүйгээр зөрөөд өнгөрөхөд л халдварлах эрсдэлтэй. Тиймээс та шинжилгээ дөнгөж өгчихөөд халдвар авахыг ч үгүйсгэхгүй. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэм баримтлах нь л чухал. Дельта хэлбэрийн халдварын тархалттай холбоотойгоор бид нас барах, биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй хүмүүст гол анхаарлаа хандуулах бодлого баримталж буй. Нийт хүн амын талаас илүү хувь нь коро навирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдсан учир хүндээр өвчилсөн хүний тоо харьцангуй цөөн байна” хэмээлээ.
Түүнчлэн баталгаажуулаагүй түргэвчилсэн оношлуур ашиглахгүй байхыг УОК-оос иргэн, аж ахуйн нэгжүүдэд анхаарууллаа. ДЭМБ-аас дөрвөн төрлийн оношлуурыг баталгаажуулж, ашиглахыг зөвшөөрсөн байна. Манай улсын тухайд дотоодын судалгаандаа тулгуурлан наймыг ашиглахыг зөвшөөрчээ. Тодруулбал, 24 төрлийн түргэвчилсэн оношлуурыг ХӨСҮТ-ийнхөн хянаж шалгасны үндсэн дээр наймыг нь баталгаажуулсан аж. Гэ сэн ч баталгаагүйг ашиглах тохиолдол гарсаар байгаа гэнэ. Тухайлбал, есөн аймагт ашиглаж байсан 11 төрлийн түргэвчилсэн оношлуурыг шалгажээ. Гэтэл тэдгээрээс зөвхөн нэгийг нь л манай улсад ашиглахыг зөвшөөрсөн байжээ. Үүнээс гадна түргэвчилсэн оношлуураар хийсэн шинжилгээний хариуг баталгаажуулах судалгаа хийсэн байна. Уг судалгааны үр дүнд нийт шинжилгээний 11 хувьд нь хуурамч эерэг хариу гарсныг тогтоожээ.