Улсын хэмжээний эмнэлгүүд нийт 27 000 ортой. Коронавирусийн тархалт эрс ихэссэнтэй холбоотойгоор үүний 21 000 орчимд нь өдгөө зөвхөн “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүс хэвтэн эмчлүүлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, Монгол Улс эмнэлгийн нийт орныхоо 77 хувийг коронавирусээр халдварласан хүмүүсийг эмчлэхэд ашиглаж байна. Дельта хэлбэрийн халдвар өргөн хүрээнд тархсантай холбоотойгоор эмнэлгүүдийн ачаалал цаашид улам нэмэгдэж, “Ковид-19”-өөс бусад тусламж, үйлчилгээ доголдож болзошгүйд хүрснийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Тиймээс халдварын тархалт ихэссэн ч нэмж ор дэлгэхгүй. Харин одоогийн хүчин чадалдаа тохируулан ажиллаж, хөнгөн өвчилсөн хүмүүсийг гэрт нь эмчлэх бодлого баримтална гэв.
ЭМЯ-наас мэдээлснээр “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүсийг анагаахад зориулж нэмэлт ор гаргаж болох ч ажиллах хүний нөөц дутагдалтай гэнэ. Ялангуяа орон нутагт нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй аж. Учир нь Улаанбаатар хоттой харьцуулахад аймгуудад барилга байгууламж, дэд бүтэц тааруу, хүний нөөц ч хүрэлцээгүй юм байна. Тус яамны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Ковид-19”-өөс бусад төрлийн буюу төрөх, гэмтэл, хавдар зэрэг эмнэлгийн үндсэн тусламж, үйлчилгээг манай улс хэвийн үргэлжлүүлж байна. Хэрэв коронавирусээр халдварласан хүмүүст зориулж нэмж ор дэлгэвэл үндсэн тусламж, үйлчилгээ алдагдах эрсдэлтэй. Олон улсад эрчимт эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүсийг л эмнэлэгт хэвтүүлж байна. Жишээ нь, АНУ, Европын орнуудад халдвар авсан нийт иргэдийн 1-3 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Харин манай улсад эл үзүүлэлт одоогоор 40 хувьтай. Өдгөө эмнэлэгт хэвтэж буй 21 000 гаруй хүний 14 000 орчим нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Гол асуудал нь иргэд хөнгөн өвчилсөн ч эмнэлэгт хэвтэх сонирхолтой байгаа явдал. Энэ нь эмч, ажилтан, эмнэлгийн ачааллыг ихэсгэдэг. “Ковид-19” бол томуутай төстэй амьсгалын замын халдварт өвчин. Өвчилснөөс хойших 3-4 хоногт халуурах, бүх бие өвдөх, ханиалгах, цэр гарах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эдгээр шинж тэмдэг илрэнгүүт иргэд биеийн байдал хүндэрлээ гээд эмнэлэгт хэвтэхийг хүсдэг. Уг нь эрүүл мэндийн даатгал төлдөг иргэдэд гэртээ эмчлүүлэхэд шаардлагатай эм, тариаг өрхийн эмнэлгээс нь үнэ төлбөргүй өгч байгаа. Тэдгээр эм, тариаг 2-3, цаашлаад дөрөв хоног хэрэглэхэд өвчний шинж тэмдэг арилж, биеийн байдал сайжрах боломжтой. Дельта хэлбэрийн халдварыг альфатай харь цуулахад шинж тэмдгүүд маш тод илэрч байна” гэсэн юм.
Ташрамд дурдахад, “Ковид-19”-ийн улмаас эмчлүүлж байгаа зарим иргэн эм, тариагаа өөрөө худалдан авах асуудал тулгарсаар байгаа. Тэгвэл энэ тохиолдолд иргэн өөрөө гаргасан зардлаа буцаан авах боломжтойг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлсэн. Үүний тулд иргэн эрүүл мэндийн даатгал төлдөг байх ёс той аж. Тухайлбал, коронавирусийн улмаас Эх, нярай, эмэгтэйчүүдийн хоёрдугаар төвд хэвтэж байхдаа эмчийн зөвлөсний дагуу ремдесивир тарилгыг өөрөө худалдан авсан долоон иргэнд 3.7 сая төгрөгийг буцаан олгосон байна.
Бэлтгэсэн М.Оч