Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй өнгөрсөн баасан гарагт өдөр дээд түвшний цахим уулзалт хийв. Хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших 30 гаруй жилийн хугацаанд Монгол, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй урагшлан хөгжиж ирснийг Төрийн тэргүүн нар тэмдэглэж, үүнийгээ гүнзгийрүүлэн өргөжүүлэх нь манай хоёр улс төдийгүй бүс нутаг, олон улсын энх тайвныг бэхжүүлж, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт санал нэгдлээ. Улмаар хоёр улсын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд дэвшүүлэн хөгжүүлэхээр тохиролцож, хамтарсан тунхаглал гаргав. Хамтарсан тунхаглалд стратегийн түншлэлийн харилцааг нэгдүгээрт, улс төр, аюулгүй байдал, хоёрдугаарт, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, гуравдугаарт, боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин, эрүүл мэнд, дөрөвдүгээрт, соёл, аялал жуулчлал, иргэдийн харилцаа, тавдугаарт, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа гэсэн тулгуур чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэхээр тохирч, салбар тус бүрээр харилцаагаа бэхжүүлэх зорилтыг тодорхойллоо.
Харилцааны эрх зүйн орчныг бэхжүүлж, найрамдлыг бататгахад хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал болохыг тэд тэмдэглэхийн сацуу Монгол, Солонгосын Засгийн газар хоорондын хамтарсан хороо, Гадаад харилцааны яам хоорондын стратегийн зөвлөлдөх уулзалт зэрэг яриа хэлэлцээний механизмыг цаашид улам бэхжүүлж, эдийн засгийн бодитой хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаар тогтов. Мөн тээвэр, ложистик, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг хөгжүүлэхэд түлхүү хамтрахаар ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг түшиглэн Хөшигийн хөндий орчмыг эдийн засгийн чөлөөт бүс болгож, дагуул хот байгуулах ажлыг эхлүүлээд байгааг танилцуулсан. Ингэхдээ Инчоны чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын туршлагаас судлах, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэхэд Ерөнхийлөгч Мүн Жэ Ин хамтран ажиллахад бэлэн буйгаа онцолсон юм. Экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, худалдааны саад тотгорыг бууруулах чиглэлд эрх зүйн орчныг улам бэхжүүлэх шаардлага байгааг талууд цохон тэмдэглэв. Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орсноор илүү тааламжтай нөхцөл бүрдүүлснийг талууд тэмдэглээд, цаашид хоёр улсын хамтарсан судалгааны үр дүнд суурилан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр (EPA)-ийг эхлүүлэхэд чиглэсэн хүчин чармайлтыг үргэлжлүүлэхээр ярилцлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын албан ёсны буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг дурдаж, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд эхлүүлсэн “Солонго-1, 2” хороолол, Баянголын амд түрээсийн орон сууц барих болон 10 аймгийн төвд дулааны станц байгуулах төслийг хэрэгжүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллахаар болов.
Талууд байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, соёл, урлаг, соёлын бүтээлч үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тогтсон. Үүний хүрээнд цөлжилтөөс сэргийлэх, шар шороон шуургатай тэмцэхэд Монгол, Солонгосын “Ногоон хэрэм” төсөл чухал хувь нэмэр оруулж ирснийг үнэлж, III шатыг хэрэгжүүлэхээр тохирсон юм. Мөн тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хүүхэд, залуучуудын солилцоог дэмжиж, биеийн тамир, спорт, боловсрол, шинжлэх ухаан, мэдээллийн технологи, хүний нөөцийн хөгжлийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, БНСУ дахь Монгол судлал, Монгол Улс дахь Солонгос судлалыг хөгжүүлэхэд цаашид ч нягт хамтрахаар болов. Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ дэмжиж байгаагаа дахин илэрхийлсэн. Монголын тал БНСУ-ын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга”-ыг ажил хэрэг болгохын төлөө хамтрахаа хэллээ.