Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминалыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас 236 км-ийн зайд 30 га талбайд байгуулаад буй. Чингэлэг тээврээр хэзээ нүүрс нийлүүлж эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч манай талаас үүнийг ирэх лхагва гаргаас эхлүүлэх санал гаргаад буй аж. Гашуунсухайтын боомтын чингэлэг тээврийн терминалын өмчлөлийг Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаанд хариуцуулан өгч, менежментийн 60 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, 15-ыг нь “Тавантолгой”, 25 хувийг нь “Энержи ресурс” компани хариуцахаар болжээ.
Ташрамд дурдахад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам зургаан зөрлөг, хоёр өртөөтэй байх бөгөөд нийт (дэлгэмэл урт) 312.8 км замаас 211 км гол зам, 49 км өртөөний замыг нь угсраад буйг “Эрдэнэс Тавантолгой” компаниас мэдээллээ. Өдгөө Гашуунсухайтын өртөөний хэсгийн газар шорооны ажил 89 хувьтай байгаа бол ачилтын тойргийнх бүрэн дуусжээ. Цахилгаан дамжуулах шугамын ажил 43.4, дохиолол холбооных 15.6 хувьтай үргэлжилж буй аж.
Бэлтгэсэн Б.Сонор