Арилжааны банкуудын үйл ажиллагааны хагас жилийн ашиг өнгөрсөн оныхоос хоёр дахин өсжээ. Банкууд өнгөрсөн жилийн эхний зургаан сард 161.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тэгвэл энэ оны эхний хагас жилд 322.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллав. Эндээс хагас жилийн дүнгээр хоёр дахин ашигтай ажилласан нь харагдаж байгаа биз. Эдийн засгийн хямралтай байсан учраас өнгөрсөн жил банкуудын ашиг багассан гэж таамаглаж болно. Тэгвэл 2020 оны жилийн эцэст банкууд 289.5, 2019 онд 254 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Тэгэхээр банкууд энэ оны эхний хагас жилд өмнөх бүтэн онуудынхаас ч их ашиг “хийжээ”. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд банкууд 2014 онд л 328.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өнөөгийн хагас жилийнхээс давж буй юм.
Банкуудын үйл ажиллагаа өнөөгийнх шигээ хэвийн байвал оны эцэст ашиг нь 700 тэрбум төгрөгт хүрэх нь. Өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал 2-3 дахин өснө гэсэн үг. Улс орны эдийн засгийн нөхцөл амаргүй байхад банкуудын ашиг яагаад ингэж өссөн бэ гэсэн асуулт гарах нь дамжиггүй. Эдийн засагчид болон санхүүгийн шинжээчид нэг үндсэн хүчин зүйл банкны ашгийг өсгөхөд нөлөөлсөн гэж үзэж байна. Тэр нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд арилжааны банкуудын харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн явдал аж. Мөн тусгай хадгаламж татахыг хориглосон нь нөлөөлжээ. Тусгай хадгаламж гэж их хэмжээний мөнгийг зах зээлийнхээс өндөр хүү амлан татахыг хэлдэг.
Цар тахлын хорио цээрийн дэглэмээс шалтгаалж өнгөрсөн жил Монгол Улсын эдийн засаг хямарсан. Харин энэ онд эдийн засаг сэргэж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээр энэ салбарынхан эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг бүрдүүлэх болов. Тэгвэл санхүүгийн зах зээл уул уурхайн салбараас дутахгүйгээр тэллээ. Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ таван их наяд төгрөг давж, түүхэн дээд түвшиндээ хүрэв. Банкуудын үйл ажиллагаа үр ашигтай байгаа нь ашигт ажиллагаанаас нь харагдаж байна. Банкуудын зээлийн хэмжээ өсжээ. Энэ нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд олгож буй зээлээс шалтгаалж байна. Уг хөтөлбөрийн зээлолголт 30 хувьтай байгаа. Тэгэхээр ойролцоогоор гурван их наяд төгрөгийн зээл олгосон гэсэн үг. Банкуудын зээлийн хэмжээ энэ оны эхний хагас жилд 57 хувиар өссөн гэсэн статистик танилцуулав. Төгрөгийн хадгаламж 36 хувиар өсөв. Төгрөгийн хадгаламж өнгөрсөн онд 11 их наяд төгрөг байжээ. Тэгвэл 2021 оны эхний хагас жилд 14.9 их наяд төгрөгт хүрсэн байна. Харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэсэн, валютын ханш тогтвортой байсан зэргээс шалтгаалан ам.доллар төгрөг рүү хөрвөх үйл явц өрнөсөн аж. Ийнхүү төгрөгийн хадгаламж огцом өсжээ.
Монголын банкны холбооноос саяхан “Ганц дайчин ганцаардахгүй” гэсэн нэртэй банкуудын энэ оны эхний хагас жилийн үзүүлэлтүүдийн тайланг танилцуулсан. Тэр нь банк хэмээх ганц дайчин эдийн засгийн сэргээж байна гэсэн агуулгатай тайлан байлаа. Банк биш, уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийн гол цөм болж буйг дуулгах нь зүйтэй. Уг тайланд хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр буюу “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний санхүүжилтийг оруулж тооцвол зээлийн дундаж хүү 12 хувьд хүрснийг дурджээ. Хөнгөлөлттэй зээлийн хүүг есөн хувь байхаар тогтоосон. Хэрэв хөнгөлөлттэй зээлийнхийг хасаж тооцвол банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү 14.7 хувьд хүрчээ. Тэгвэл шинээр татсан хадгаламжийн дундаж хүү 6.1 хувьд хүрч “доошилсон” байна.
Хэдхэн жилийн өмнө зээлийн хүүгийн дундаж 20 гаруй хувь байсан. Тэгвэл 5-6 хувиар буураад буй нь том амжилт юм. Монголбанкнаас зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулсан. Эл стратегийг үе шаттай хэрэгжүүлснээр 3-4 жилийн дараа зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулна гэж төсөөлж буй. Уг стратегийн хүрээнд банкны харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэхээр хуульд өөрчлөлт оруулах юм гэсэн. “Ковидын хууль” бол түр зуур хэрэгжүүлэх баримт бичиг. Тус хуулийг хүчингүй болгосны дараа холбогдох хуульд нэмэлт оруулж, дээрх агуулгыг тусгах байх.
Харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэснээр банкны зардал буурч буй нь ашгийнх нь өсөлтөөс харагдаж байна. Банкуудын зардлыг төр бодлогоор багасгаад байдаг. Гэтэл нөгөөдүүл зээлийн хүүг тохирох хэмжээнд хүртэл бууруулахгүй өндөр ашиг олоод суугаад байвал яах вэ гэдэг асуулт ургах нь. Тэгэхээр төр банкуудын зардлыг бодлогоор бууруулж байгаа бол зээлийн хүүгээ доошлуулахыг шаардах хэрэгтэй. Хадгаламжийн дундаж хүү 6.1 хувь байхад зээлийнх 14.7 байна. Зөрүү нь 8.6 хувь. Банкууд хадгаламж болон зээлийн хүүгийн зөрүүнээс ч өндөр ашиг олж байгаа аж. Уг нь хадгаламж болон хүүгийн зөрүү дунджаар зургаан хувь байдаг сан. Харилцах болон хугацаагүй хадгаламжийн хүүг тэглэж, хугацаатай хадгаламжийн хүү Төвбанкны бодлогын хүүтэй тэнцэн, банкуудын зардал илэрхий буурчээ. Одоо зээлийн хүүгээ бууруулах хэрэгтэй гэж шахмаар байна. Банкны эзэд ашгаас хумслах нь гэж уурлах байх. Зардлыг нь төр бууруулж өгч байгаа бол зээлийн хүүгээ багасгахыг ч шаардах хэрэгтэй.