Монголын Эмэгтэйчүүдийн сангаас Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хохирогч хамгааллын үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлжээ. Тодорхой хэлбэл, тус төвийн ажилтнуудын 10 сарын цалин, цалинжуулах зардал олгох гэрээнд гарын үсэг зурсан байна. Монголын Эмэгтэйчүүдийн сан нь цар тахлын амаргүй үед богино хугацаанд хөрөнгө босгож, гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод зориулсан шууд үйлчилгээг тогтвортой дэмжиж ирсэн гэнэ.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалах байранд авч, аюулгүй байдлыг нь хамгаалахаас гадна анхан шатны үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн хүчирхийллийн харилцаагаа даван туулахад нь туслах зорилгоор сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, амьдрах ухааны сургалтад хамруулах, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, хуулиар асуудлыг нь шийдүүлэхэд эрх зүйн туслалцаа үзүүлдэг билээ.