МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторийн ахлах мэргэжилтэн У гэгч ажилтнаа хүчиндсэн гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Энэ хэргийн хохирогч гэх эмэгтэй 2021 оны наймдугаар сарын 19-ны өдөр цагдаад хандаж гомдол гаргасан байна. Цагдаагийнхан Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа тус лабораторийн мэргэжилтэн Х-гийн гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Улмаар 2021 оны есдүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэн У-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Сэжигтэн хэрэг үйлдсэн нь батлагдвал тав хүртэлх жилийн ял оноох хуулийн зүйлчлэл байдаг. Хэрэг гардаг өдөр лабораторийн ажилтнууд ажлын байранд архидан согтуурсан гэх мэдээлэл байна. МХЕГ-ын газар, хэлтсийн дарга нар алба хаагчдадаа бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдол өмнө нь ч гарч байсан. Энэ тухай мэдээлэл ХЭҮК-ын Хүний эрхийн илтгэлд ч орсон байдаг. Ер нь тус байгууллагынхантай холбоотой авлига, хээл хахууль, амрагийн асуудалтай хэргүүд байнга гардаг билээ.