Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос ажлын хэсэг гарч Хан-Уул дүүргийн 12, 13 хороонд 1000 ширхэг, Баянзүрх дүүргийн 19, 21, 24, 27 хороодод 1000 ширхэг нийт 2000 эко ариун цэврийн байгууламжийг суурилуулсан талаар БОАЖЯ-аас мэдээллээ. Гүйцэтгэгчээр Хэмжилзүй ХХК, Дархан нэгдэл ХХК ажилласан байна.
Айл өрхөд суурилуулсан ариун цэврийн байгууламж нь техникийн тодорхойлолтод заасан MNS 5924:2015 стандартын дагуу ялгадас хуримтлуулах нүх, шал, бүхээг, хаяавч, агааржуулалтын хоолой зэрэг үндсэн хэсгээс бүрдэнэ. Нүхэнд суурилуулсан кольцо нь хөрсөнд нэвчилтгүй цутгамал бетон хийцтэй, нүхний гүн 1,8 метр, эзлэхүүн 3м3, амсар бүхээгийн хананаас гадагш 25 см илүү гарсан, ачаалал даахуйц бетон цутгамал шалтай, бүхээгийг төмөр рамаар зангидсан. Нар, салхи, цас, бороонд тэсвэртэй төмөр листтэй. Зориулалтын агааржуулалтын хоолойгоор тоноглогдсон. Бүхээгийн дотор гадна талд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бүхий нарны зайн хураагууртай гэрэлтүүлэг, өдрийн гэрэл нэвтрүүлэх цонхтой хийсэн гэнэ.
Цаашид Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогод ариун цэврийн байгууламжийг сайжруулах асуудлыг нэг гол зорилт болгон 2030 он гэхэд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг хүн амын 60-аас доошгүй хувьд хүргэхээр заасан. Энэ ажлын хүрээнд тухайн нөхцөлд тохирсон хямд өртөг бүхий эко ариун цэврийн байгууламжийн шийдлийг гаргаж, инновацыг дэмжих арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр агаар, хөрс, усны бохирдол, хог хаягдлыг бууруулах нөхцөл бүрдэнэ хэмээн албаныхан мэдээллээ.