Дүрслэх урлагийн академиас Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Хийморь” уран бичлэгийн уралдаан зарлажээ. Монгол үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэх, залууст үндэснийхээ бичиг, үсгийг таниулах, эх хэл, бичиг соёлоороо бахархах, уламжлан хөгжүүлэх, дэлгэрүүлэх, зураач, уран бичээчдийг дэмжих зорилготой аж уг уралдаанд оролцогчид зөвхөн “хийморь” хэмээх үгийг хоёр хэмжээст хавтгай дээр үндэсний бичиг, дөрвөлжин үсэг, соёмбо болон эвхмэл үсгийн төрлүүдээр туурвих юм. Бүтээлийг энэ сарын 21 хүртэл хүлээн авах бөгөөд шилдэг 20-ийг Монгол үндэсний соёл, урлаг судлалын солилцооны төвд хадгалах юм байна. Ташрамд сонирхуулахад, хийморь гэдэг нь салхин морь гэсэн утгатай бөгөөд сэргэх, бадрах, дэлгэрэх утгыг илэрхийлдэг. Түүнчлэн Дорнын гүн ухаанд хийморь нь хүний бие махбод, амийг үүсгэсэн хамгийн дээд үндсэн энерги гэж үздэг аж.
Бэлтгэсэн А.Хангай