Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв дэргэдээ Монголын уран бүтээлчидтэй хамтран “Орфей” театр байгуулж, нээлтээ нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгээр хийхээр төлөвлөсөн тухай бид өмнө нь мэдээлсэн. Сэтгэл зүйн, уран зөгнөлт төрлийн тус жүжгийг ОХУ-ын ГИТИС-ийг дүүргэсэн М.Батболд найруулах юм. Тэгвэл тус жүжгийн гол дүрд жүжигчин Д.Лхагва тоглох болжээ. “Guys” хамтлагаар уран бүтээлийн гараагаа эхэлж, өдгөө LVA энтертайнмент байгуулан “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Фэйсбүүк од”, “Мухар гудамж”, “1990” зэрэг уран бүтээлийг үзэгчдэд хүргэснээр нь Д.Лхагвыг үзэгчид андахгүй. Ташрамд дурдахад, “Гэм зэм” жүжгийг зохиолч Ф.М.Достоевскийн мэндэлсний 200 жилийн ойд зориулан төрсөн өдрөөр нь буюу ирэх арваннэгдүгээр сарын 11-нээс олны хүртээл болгохоор төлөвлөжээ.