Азийн хөгжлийн банк (АХБ) 2021-2024 онд Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлэх шинэ түншлэлийн стратегиа өчигдөр эхлүүлснээ зарлалаа. Уг түншлэлийн стратеги нь коронавируст халдварын цар тахлыг даван туулж, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг цогцлоох бат суурийг тавихад Монгол Улсад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ гэж тодотгожээ. Мөн ирэх дөрвөн жилийн хугацаанд үйл ажиллагаа нь хүртээмжтэй нийгмийн хөгжил ба эдийн засгийн боломж, уур амьсгалд тэсвэртэй дэд бүтэц, ногоон бөгөөд уур амьсгалд зохицсон тогтвортой хөгжил хэмээх стратегийн гурван тэргүүлэх чиглэлд хуваагдах юм байна. Тус банк нь түншлэлийн стратегийн эхний тэргүүлэх чиглэлийнхээ хүрээнд цар тахалд өртсөн иргэд, албан байгууллагад хүрэх санхүүгийн үйлчилгээ, ажлын байр, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, ур чадвар хөгжүүлэх боломжуудыг нэмэгдүүлэх замаар дэмжлэг үзүүлэх нь. Мөн Монгол Улсын цаашдын хөгжлийг бэхжүүлэх зорилгоор цар тахлын эсрэг хариу арга хэмжээг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарын дунд хугацааны шинэчлэлтэй уялдуулахад дэмжлэг үзүүлж, инновацыг нэвтрүүлэн ажиллах гэнэ. Стратегийн хоёр дахь тэргүүлэх чиглэлийнхээ хүрээнд манай улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор зам тээвэр, биет харилцаа холбооны салбарт ихээхэн хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Үүний хүрээнд нийслэлийн түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулахын зэрэгцээ хөдөө орон нутагт тогтвортой хөгжлийн боломжуудыг бий болгох аж. Гурав дахь тэргүүлэх чиглэлийн хүрээнд макро эдийн засгийн болон бүх талын тэсвэртэй байдлыг бэхжүүлэхэд анхаарч, нөөцийн тогтвортой хэрэглээ, ногоон хөгжлийг дэмжих гэнэ.
Шинэ түншлэлийн стратегийн хүрээнд тус банкнаас нийт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн дүнг бууруулахгүйгээр төсөл, хөтөлбөрийн тоог цөөлөхөд анхаарах юм байна.