Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн цэцэд гаргасан өмнөх Ерөнхийлөгчийн хүсэлтээс татгалзсантай холбоотойгоор АН-аас (М.Тулгат даргатай) байр сууриа илэрхийллээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Улс төрийн бүх болж бүтэхгүй хогоо чихдэг хогийн сав нь өмнөх Ерөнхийлөгч нар болчихлоо. МАН-ынхан үнэмлэхүй олонх бүхий УИХ-ын баталсан Шүүхийн тухай хууль хэрэгжиж байна. Хэдэн жилийн дараа энэ хуультай холбоотой асуудал үүсэж таарна. Төгс төгөлдөр хууль гэж байхгүй. 1992 онд Үндсэн хууль батлагдахад бүх шатны шүүгчийг Ерөнхийлөгч томилдог болсон. Энэ зарчмаас татгалзах тухай ойлголт байж таарахгүй. Ерөнхийлөгч бол намын гишүүнчлэлээ түдгэлзүүлдэг албан тушаалтан. УИХ улс төрийн намуудын төлөөллөөс бүрддэг. УИХ-д шүүхийн томилгооны эрхийг өгвөл улстөржилт гаарна. Тиймээс аль ч улсад Ерөнхийлөгч нь шүүгчийг томилдог. Харин шүүгчийг сонгон шалгаруулдаг хороо нь Ерөнхийлөгчөөс хараат бус, бие даасан байх ёстой. Цэц Үндсэн хуульд захирагддаг болохоос улстөрчдийн гар, хөл байх ёсгүй. Цэц УИХ-ын нэг байнгын хороо шиг л ажилладаг болсон. Хаягдсан улстөрчид Цэцэд очиж байна. Үүнээс болж хуулийн шинэчлэл урагшилдаггүй” гэв.
Мөн нөхөн сонгуульд залуусыг дэвшүүлээгүй гэх шүүмжлэлийн тухайд “2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшигчдийн 60 хувь нь залуус байсан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан үзээд манай нам тэмцэггч, ахмад улстөрчдөө илгээсэн” хэмээлээ.