Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хороо өнгөрсөн зургадугаар сард болсон манай Ерөнхийлөгчийн сонгуульд хийсэн ажиглалтын үнэлгээний тайлангаа гаргажээ. Тус хороо нь энэ удаагийн сонгууль ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүрэг, амлалтууд, ардчилсан сонгуультай холбогдох олон улсын үүрэг, хэм хэмжээ болон дотоодын хууль, тогтоомжуудтай нийцэж байгаа, эсэхийг тодорхойлох зорилгоор ажиглалт хийж, нарийвчилсан үнэлгээ өгснөө тайландаа дурдсан байна. Европын Холбооны олон улсын хөндлөнгийн ажиглагчид тайлангаа мэдээлэхийн зэрэгцээ сонгууль зохион байгуулахад оролцсон төрийн зарим байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд сайшаалтай хандаж буйгаа тусгайлан илэрхийлсэн байна.
Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр бүртгүүлэхдээ дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нийцсэн, эсэхийг хянуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлдэг. Мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газар цахим хэлбэрээр олон нийтэд нээлттэй байдлаар байршуулсан зэргийг онцолсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд мөрийн хөтөлбөрт хийсэн аудитын дүгнэлтийг үндэслэн нэр дэвшигчийг бүртгэхгүй байх эрх Үндэсний аудитын газарт олгоод байсан ч энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх, эсэх талаар бие даасан шийдвэр гаргалгүй, аудитын дүгнэлтээ ил тод мэдээлж, сонгуулийн сурталчилгаа хийх эрх чөлөөг хөндөлгүй, мэдрэмжтэй хандсан хэмээн олон улсын ажиглагчид дүгнэсэн байна. Түүнчлэн Үндэсний аудитын газар сонгуулийн санхүүжилтэд хяналт тавих үүргийг гүйцэтгэх үүднээс өрсөлдсөн намууд санхүүгийн тайлангаа өгөх цахим платформ, тайлангийн загварыг шинээр нэвтрүүлснийг ил тод байх зарчмыг баримталсан хэмээн сайшаажээ. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар зардлын тайланд аудит хийсэн дүгнэлтийг 60 хоногийн дотор нийтэд мэдээлэх үүргийг Үндэсний аудитын газарт олгосон ч хэвлэн нийтлэх талаар нарийвчилсан зохицуулалт хийгээгүйг Европын Холбооны Сонгууль ажиглах тусгай хорооны ажиглагчид тайландаа дурдсан байна. ЕАБХАБ-ын Сонгууль ажиглах тусгай хорооны зүгээс Үндэсний аудитын газар, “Нээлттэй нийгэм форум”-тай хамтран хийсэн сонгуулийн зардлын тайлан гаргах цахим платформыг амжилттай нэвтрүүлсэн явдалд тусгайлан талархал илэрхийлжээ.
Бэлтгэсэн У.Наран