УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын дарга нарын дэлхийн V бага хурлын хүрээнд “Ковид-19” цар тахлын эсрэг дэлхий нийтийн хариу арга хэмжээ нь олон талт хамтын ажиллагааны механизм бүх нийтийн төлөө үр дүн гаргах, эсэх чадавхыг сорьж буй нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв. Ингэхдээ тэрбээр “Ковид-19”-ийн шинжилгээ, эмчилгээ, вакцины хөгжил, үйлдвэрлэл, тэгш хүртээмжийг бий болгоход КОВАКС чухал хувь нэмэр оруулж буй нь олон талт хамтын ажиллагаа үр дүнгээ өгч байгаагийн тод жишээ гэдгийг онцоллоо. Тиймээс цар тахлаас үүдэлтэй хүндрэл, бэрхшээл ужгирах тусам эдгээр сорилтыг улс орнууд дан ганцаар даван туулах боломжгүй тул олон талт механизмаар дамжуулан нэгдсэн шийдэл олохын төлөө нягт хамтран ажиллах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм. Бага хуралд 110 гаруй орны төлөөлөгч оролцож байгаа бөгөөд дээрх хэлэлцүүлэгт ОХУ, БНСУ, Япон, Энэтхэг, Афганистан, Монтенегро зэрэг 15 улсын парламентын тэргүүн үг хэлсэн. Мөн “Цахим болон цахим бус орчинд худал мэдээлэл, үзэн ядах үг хэллэг тараахтай тэмцэхэд цогц зохицуулалт хийх шаардлага” сэдэвт хэлэлцүүлэгт УИХ-ын дарга оролцсоны зэрэгцээ “Парламентуудын нээлттэй, ил тод байдал ба аюулгүй байдал, тэдгээрийг тэнцвэртэй хангах нь” сэдэвт хэлэлцүүлэгт үг хэлсэн. Хууль тогтоох байгууллагууд үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй, хүртээмжтэй байлгахыг зорьж ажиллахын зэрэгцээ учирч болзошгүй хүндрэл бэрхшээл, аюулгүй байдлын эрсдэлээс сэргийлэхэд анхаарч ажиллахын чухлыг оролцогчид хөндөж ярилцлаа.
УИХ-ын дарга хэд хэдэн улсын парламентын даргатай уулзсан. Тухайлбал, Энэтхэгийн парламентын доод танхимын дарга Ом Бирлатай уулзахдаа хоёр улсын хамтарсан газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаад, коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Лок Сабхагийн дарга Ом Бирла төслүүдийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлж, УИХ-ын даргыг Энэтхэг улсад айлчлахыг урив. Мөн Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга К.И.Косачевтой уулзсан. Тэд энэ жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй нь түүхэн ач холбогдолтойг тэмдэглэж, үүний хүрээнд дээд, өндөр түвшний харилцан айлчлал хийх, парламент хоорондын хамтын ажиллагааны механизм байгуулж, эхний уулзалтаа ойрын хугацаанд зохион байгуулах нь чухал гэж санал нэгдэв. Түүнчлэн БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Пак Бён Согтой уулзаж, тус улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Халдварт өвчнийг хянах, эрүүл мэндийг хамгаалах чиглэлээрх Зүүн хойд Азийн хамтын ажиллагааны санаачилга” болон Монгол Улсын “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г харилцан дэмжиж, идэвхжүүлэхэд анхаарч ажиллахаа талууд илэрхийллээ. Үүнээс гадна Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Санто Акикотой уулзах үеэр “Япон лугаа хөгжье” санаачилгыг Монгол Улсын төр засаг дэвшүүлэн ажиллаж байгаад талархаж, хамтран ажиллахад бэлэн буйгаа хэлэв. Бас Австрийн Үндэсний зөвлөл (парламент)-ийн ерөнхийлөгч Вольфганг Соботкатай уулзаж, бага хурлыг эх орондоо зохион байгуулж буйд талархан, амжилт хүсэв.
Мөн УИХ-ын дарга Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагад зочиллоо.
Бэлтгэсэн Б.Уран