Монголчууд энэ удаагийн олимпыг чамгүй амжилтаар өндөрлүүлсэн. Паралимпийн тамирчид маань ч бас чансаатай оролцлоо. Алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчдад Засгийн газраас нэг удаагийн мөнгөн шагнал олгох тогтоол хэдийн гарсан. Өдгөө тамирчдын дансанд орчихсон байгаа болов уу. Төрөөс Биеийн тамир, спортын тухай хуулийг үндэслэн алт, мөнгө, хүрэл медаль авсан бол 80-30 сая төгрөгөөр нэг удаа урамшуулдаг. Мөн олимп, ДАШТ-д медаль хүртсэн тамирчин медалийн өнгөд харгалзуулан оноосон хэмжээний урамшууллыг сар бүр авдаг. Хууль, журамтай тул энэ бүхнийг олгох нь зүйн хэрэг бөгөөд одоогийн “үйлчлэл”-ээр тэд цаашид ч улсаас яг л тэтгэвэр авдаг өндөр настнууд шиг сар бүр эл дүнгээр мөнгө авсаар байх юм.
Олимпод аварга, арслан, тэр бүү хэл “заан” ч болох амаргүй бөгөөд тухайн тамирчин, түүний дасгалжуулагчдын олон жилийн оюуны болоод биеийн хүч, хөдөлмөрийн үр дүн гэдэг нь ойлгомжтой. Байнгын бэлтгэл сургуулилалт, тэсвэр, тэвчээр, эрсдэлийг сөрөх зориг, шийдэмгий чанар гээд олон хүчин зүйлийн нөлөөгөөр олимпын дэвжээнд амжилт гаргадаг. Үүнийг нь ч улсаас үнэлж, шагнадаг. Нийгмийн шилжилтийн он жилүүд, тодруулбал хоёр зууны зааг хавьцаагаас манай улсын тамирчид спортын ямар ч төрөлд шулуухан хэлэхэд явахаа байсан тул төрөөс арга хэмжээ авч, 2008 оны олимпоос эхлүүлэн тив, дэлхийн наадам, ДАШТ-д өндөр амжилт үзүүлбэл сайн шагнах болсноо мэдэгд сэн нь үр нөлөө үзүүлсэн. 2013 оноос олимп, паралимп болон олимпын наадмын төрөлд багтдаг спортын төрлийн зай, жин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн зай, жинд медаль хүртсэн тамирчдад сар бүр мөнгөн шагнал дорвитой олгож иржээ. Тухайлбал, энэ онд 58 тамирчинд сард 132 сая, жилд нэг тэрбум, 584 сая төгрөгийн урамшуулал олгохоор улсын төсөвт суулгасан. Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны даргын энэ оны хоёрдугаар сарын 4-ний А/12 тушаалын хавсралтыг баримт болгон өгүүллээ.
Олон улсын энэ хоёр ангиллын тэмцээнд өндөр амжилт гаргаж насан турш сар бүр мөнгөн урамшуулал авах эрхтэй болсон тамирчдыг хэн манлайлдаг талаар мэдээлье. Жагсаалтыг Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Н.Түвшинбаяр нар тэргүүлж байна. Чөлөөт бөхийн тамирчин З.Ойдов 1976 оны Монреалын зуны олимпын наадмын мөнгөн медалийн амжилтаар гурав, 1974 оны Истанбул болон 1975 оны Минскийн ДАШТ-ий алтын тус бүр хоёр сая, 1977 оны Лозаннын ДАШТ-ий хүрлийн 500 мянга буюу нийт 7.5 сая төгрөгийг сар бүр авдаг.
Аварга Н.Түвшинбаяр гэхэд 2008 оны Бээжингийн олимпын алт, 2011 оны Лондоны олимпын мөнгөн медалийн гурав болон хоёр, 2017 оны Будапеш тын ДАШТ-ий хүрэл медалийн 500 мянга гээд нийт 7.5 сая төгрөг сар тутамд авдаг.
Тоон графикт сард 3.5 сая төгрөгөөс дээш хэмжээний дүнтэй урамшуулал авдаг тамирчдын нэрсийг үзүүллээ. Буудлагын спортын алдарт О.Гүндэгмаа сард 3.5 сая төгрөг авдаг бол түүний нөхөр Х.Цагаанбаатар гавьяат 4.5 саяыг хүртдэг.
Асуудал хөндөх гэж байна.
Тамирчид цаашид төрөл төрөлдөө амжилт үзүүлэхгүй, бүр ямар нэгэн ажил хийх ч үгүй, магадгүй зарим нь хэрэгт орооцолдоод байгаа шиг үлгэр дуурайлгүй авирлаж байсан ч сар бүрийн урамшууллыг олгосоор байх уу. Тийм бол үндэслэл нь юу вэ. Тухайн үеийн, төрөөс нэг удаагийн багагүй хэмжээний мөнгөн урамшуулал олгосон амжилт л байх уу.
Тамирчид дунд долоон удаагийн олимпод “тоосоо өргөсөн” О.Гүндэгмаа шиг босоо төрсөн нь ховор юм гэхэд, гурван олимп дараалан шагналын тавцанд зогссон нь бий бил үү. Ингэх нь бүү хэл ганц удаагийн алт, мөнгөн медальдаа сэтгэл ханасан нь олон байдаг. Хавтас сугавчлан, бизнес хөөцөлдөх нэрээр энэ тэр хүмүүсийн ар, өврөөр орж, гарч, улстөрчидтэй хошуу холбож явах болсон нь илхэн байдаг нь ч цөөнгүй. Спортоо спиртээр сольсон гэхээр нөхдөд ч сар бүр урамшууллыг алба мэт, тэтгэвэр лүгээ адил олгосоор байх нь шударга уу.
…Улсын Ерөнхийлөгч тухайн үед Засгийн газарт зарлигаар чиглэл өгөхдөө “Насан турш олгох” гээд заачихсан юм байж. Мөнхийн юм гэж үгүй. Тэрхүү зарлигийг “татан буулгах” зарлиг бас гаргаж болох л байлгүй. Цар тахал, үхэл зовлон гээд асуудал мундахгүй байгаа болохоор тамирчдад олгодог урамшууллын талаар ярилцах, хэлэлцэх зав хаана, хаанаа, хэн хүнд хомс буй байгаа болов уу…
Дахин асууя, үндэслэл нь өнөөх хэдэн жилийн өмнөх нэг, хоёр удаагийн амжилт уу.
Жишээ нь, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг аваад үзье. Түүний хоёр удаагийн олимпын амжилтад мэхийн ёсолдог ч тамирчны, спортын зүтгэлтний, удирдах ажилтны хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлийг түмэнтээ буруушаана. “Эр хүн гэнэдсэн л биз” гэж өмөөрөх хүн байдаг юм билээ. Нийгэмд бусдын адил хувь хүн гэхээс илүүтэй нөлөө бүхий бие хүний байр суурьтай гэдгээ ухамсарлах хэрийн оюуны бядгүй түүнд мөн л түрүүчийн амжилтуудыг нь үндэслэн насан туршид нь сард 7.5 сая төгрөг өгсөөр байх уу.
Боксын Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нарыг харъя. Тэд Монголын боксын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай гэж буй. Олимпын алт, мөнгөн медальтнууд тул туршлага тай тамирчид байж таарна. Тийм атал холбоогоо яагаад цэмбийтэл, өсөж өндийтөл удирдаж чадахгүй байгаа юм бэ. Боксын тамирчдын амжилт олимпоос олимпын хооронд, жилээс жилд унасаар өдгөө Токиогоос медальгүй сууж байна шүү дээ. Үүнийг удирдлагуудын, дасгалжуулагчдын ур чадвар, чансаа, нөлөө, үлгэрлэл муутай холбохоос яах билээ. Дотооддоо эдгээр асуудлаа ярьж, засаж залруулах талд ярьдаг ч юм уу, үгүй ч юм уу гэхээр байх юм. 2008 оны Бээжингийн олимпын алт, мөнгөн медальт тэдэнд улсаас өнөөдөр сар бүр мөнгөн урамшуулал олгосоор байгаа бөгөөд цаашид бас хүртээсээр байх уу. Үндэслэл нь өнөөх 13 жилийн өмнөх амжилт юм гэхэд, сүүлийн үеийн ажлын тааруухан үзүүлэлтийг нь хэн, хэрхэн үнэлж, хариуцлага тооцох ёстой вэ. Сайн байх үед нь шагнаж, урам өгөх нь зүйн хэрэг. Харин муу байвал хариуцлага тооцож, шийтгэл хүлээлгэж байх нь ч логик шүү дээ. Тэртээ арав гаруй жилийн өмнөх амжилтыг нь дархалж, насан туршид нь сар бүр мөнгөөр “угжиж” байхыг хаана, хаанаа хууль гэж ойлгочихсон байх нь эндүүрэл бус уу.
Биеийн тамир, спортын тухай хуулийн 6.1.8-д “Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулдаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам батлах” гэж бий. Үүний дагуу Засгийн газраас баталсан тогтоолын хүрээнд тамирчдад нэг удаагийн мөнгөн шагнал олгодог юм билээ. Харин олимп, ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчдад сар тутам урамшуулал олгож байх журмыг Ерөнхийлөгч чиглэл болгосноор Засгийн газар өөр тогтоолоор баталсан байдаг аж. Ерөнхийлөгчийн өгсөн чиглэл гэдэгт “…тамирчдад энэхүү урамшууллыг насан турш нь олгоно” гэсэн нэг өгүүлбэр байх агаад энэ нь бүхнийг шийддэг юм байх.
Амжилт гаргасан тамирчдыг урамшуулахын эсрэг дуугарч буй юм биш. Гагцхүү тэдний эрч хүчийг эрт бүү хариулаач, тухайн үед нь сайтар шагнан, дараачийн удаа илүү амжилт гаргах хүсэл тэмүүллийг нь бадрааж байгаач гэж хэлэх гэсэн юм. Түүнээс биш 20 нас хүрээгүй залуус ганц удаа медаль авмагцаа түүндээ ханаж, “цадаад”, эвгүйгээр хэлэхэд лаглайгаад суучих эрх бүү олгооч гэж буй юм.
Улсын Ерөнхийлөгч тухайн үед Засгийн газарт зарлигаар чиглэл өгөхдөө “Насан турш олгох” гээд заачихсан юм байж. Мөнхийн юм гэж үгүй. Тэрхүү зарлигийг “татан буулгах” зарлиг бас гаргаж болох л байлгүй. Цар тахал, үхэл зовлон гээд асуудал мундахгүй байгаа болохоор тамирчдад олгодог урамшууллын талаар ярилцах, хэлэлцэх зав хаана, хаанаа, хэн хүнд хомс байгаа болов уу. Гэсэн ч энэ асуудлыг алгуур лалгүй авч үзэж, зохистой шийдвэр гаргаасай. Залуу тамирчид захаасаа зодог тайлж байна. Энэ нь спортод байх үзэгдэл ч, энд яриад буй хөнгөн хуумгай зарлиг, тогтоолоор одоохондоо олгож буй мөнгөн урамшуулалд найдаж, тамирчныхаа, спортын зүтгэлтнийхээ карьерыг баллаж буй ч юм бил үү гэж бодогдох юун.