Монгол, Япон Улсын БХЯ-дын хооронд байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн мэргэжлийн офицер, ахлагч нарыг зам барих аргад сурган дадлагажуулжуулж байна. Манай цэргийнхнийг бэлтгэх, мэдлэг, ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор Япон Улсын БХЯ-аас багш нар иржээ. Энэ нь 2014 оноос хэрэгжүүлж буй 12 дахь удаагийн сургалт, дадлага аж. Дээрх зам сургалт дадлагад хамрагдсан бие бүрэлдэхүүн улс орны бүтээн байгуулалтын ажилд гол цөм нь болж үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд энэ нь зам сургалтын үр дүнгийн нэгээхэн хэсэг юм. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх “Барилга, инженерийн рот”-ын бэлтгэлийг хангах, үндсэн мэргэжилтэн бэлтгэх гол зорилготой энэ удаагийн сургалтад хоёр орны 60 гаруй алба хаагч, 15 нэгж техник оролцож, 200 метр газарт сайжруулсан шороон зам, хоёр иж бүрэн гүүр хоолой барих юм байна. Сургуулийн удирдагчаар Монголын талаас Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Г.Мөнхбат, Японы талаас Япон Улсын Зүүн хойд бүс нутгийн инженерийн II ангийн хошууч Томоюки Сато нар томилогдон үүрэг гүйцэтгэж буй. Өмнөх сургалтуудад Японы талаас ирсэн сургагч багш нарын зааварчилгааны дагуу бүх хэмжилт болон бусад замын ажил хийдэг байсан бол энэ удаа монгол цэргүүд өөрсдөө гардан гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл, сургалтад хамрагдаж буй монгол цэргийн алба хаагчид хэмжилт хэрхэн хийх, газар оронд зам, далан, гүүр хоолойг яаж барих, газар орныг ямар аргачлалаар үнэлэх зэрэг олон чухал чадваруудад суралцсанаа дадлагаар бататгаж байна. “Зам-2021” сургалт энэ сарын 14-ний өдөр өндөрлөнө.