Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны А хэсэгчилсэн талбайн төсөл хэрэгжүүлэгчээр 2019 онд “Бүргэд констракшн” ХХК шалгарсан бөгөөд нийт 22.2 га буюу 294 нэгж талбай бүхий газарт 3940 айлын орон сууц, 1520 хүүхдийн сургууль, 640 хүүхдийн цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Төлөвлөлтийн дагуу эхний ээлжид 62 нэгж талбарыг чөлөөлөн, 225 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа. Цаашид тус хэсэгчилсэн талбайн төслийн барилга, байгууламжаас гадна оршин суугчдын амралт, чөлөөт цагаа өнгөрөөх бүс, хүүхдийн тоглоомын болон залуучуудад зориулсан бие бялдраа хөгжүүлэх биеийн тамирын талбай, автомашины зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, камер, ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх гэнэ. Төсөл хэрэгжүүлэгч “Бүргэд констракшн” ХХК нь уг бүтээн байгуулалтуудыг 2026 он гэхэд бүрэн дуусгахаар гэрээнд тусгажээ.