Сирид эргэн очсон дүрвэгсэд тус улсын хүчнийхний эрүү шүүлт, доромжлол, бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэж хүний эрхийн төлөө тэмцдэг “Amnesty international” байгууллагынхан мэдэгдэв. Дайны үед улс орноо орхин явсан бүх хүнийг тус улсын хилчид, цагдаагийнхан террорист гэж үздэгийг дүрвэгсэд ярьжээ.
Өнгөрсөн оны долдугаар сараас энэ оны зургадугаар сарын хооронд 40 гаруй улсаас эх нутагтаа очсон дүрвэгсэд, тэдний төрөл төрөгсдийн нотолгоог үндэслэн бэлтгэсэн илтгэлээ тус байгууллага танилцуулсан юм. Хүчнийхэн дүрвэгсдийн эрхийг бүдүүлгээр зөрчсөн 66 тохиолдлыг хүний эрхийн төлөө тэмцэгчид баттай баримт, нотолгооны хамт бүртгэжээ. Тэдний 13 нь хүүхэд, 15 нь эмэгтэй, 38 нь эрэгтэй гэнэ. Сирид эргэн очсон таван хүн хоригдож байгаад амиа алдсан бол 17 нь сураггүй болсон гэнэ.
Нэгэн баримтаас үзвэл Ливан руу дайны үеэр дүрвээд, эргэж Сирид ирсэн Ясминыг (жинхэнэ нэр нь биш) өсвөр насны хүү, гурван настай охины хамт хил дээр 29 хоног саатуулжээ. Тэнд түүнийг хэд хэдэн удаа, хүүг нь хажуугийн өрөөнд хүчирхийлсэн байна. “Эх орондоо тавтай морил. Дахиж Сириэс гараад, эргэж ирвэл үүнээс илүү угтах болно. Насан туршдаа санаж явтал чинь та нарыг доромжилно шүү” гэж улсыг аюулаас хамгаалах байгууллагын ажилтнууд Ясминд хэлжээ.
Баривчлагдахаас сэргийлэн дүрвэсэн гэр бүлийн олонх нь эрчүүдгүй буцаж ирдэг. Арай зөөлөн хандана хэмээн найдсандаа эмэгтэйчүүдээ түрүүлж явуулдаг аж. Мөн сөрөг хүчнийг дэмждэг тосгон, дүүрэг байдаг. Тэдгээрт ч ялгаагүй дүрвэгсдэд хүч хэрэглэдэг гэнэ. Хүлээж авсан орнууд нь дарамт шахалт үзүүлдэг учраас Сирийн дүрвэгсдэд нутаг буцдаг. Данид дүрвэгсдийн статусыг нь хүчингүй болгосны улмаас сиричүүд эх орноо зорихоос өөр аргагүй болдог аж. Шведэд ч байдал мөн адил. Гэхдээ тус хоёр улсад Сирийн дүрвэгч харьцангуй цөөн буюу 500 мянга хүрдэггүй. 3.6 сая хүн хүлээж авсан Туркийн байдал ч амаргүй. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан 2019 оны долдугаар сард мэдэгдэл хийхдээ иргэдээс дүрвэгсдийн эсрэг гомдол их ирж байгаа тул Засгийн газар нь тэднийг нутаг буцахыг хөхиүлэн дэмжиж, гэмт этгээдүүдийг албадан гаргахаа хэлсэн билээ. 1.5 сая хүн дүрвэсэн Ливанд сиричүүдийн олонх нь туйлын ядуу аж төрж байна. Гэхдээ тэднийг хөөж туудаггүй. Ганц нааштай жишээ нь Герман. Гэхдээ тэнд дүрвэгсдийг Сири рүү буцахад аюулгүй болсон гэж үзэж байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Асад дүрвэгсдээ буцаж ирэхийг уриалсаар байгаа ч эх оронд нь тэдэнд аюул заналхийлж буйг НҮБ-ын Дүрвэгсдийн хэрэг эрхэлсэн дээд комиссарын газраас анхааруулжээ. Сири иргэдээ хүлээн авахад бэлэн бус гэдгийг тус газар сануулсаар буй.
НҮБ-ын тооцоолсноор 2016-2021 оны долдугаар сар хүртэлх хугацаанд Сирийн долоон сая орчим дүрвэгчээс 282 мянга нь эх орондоо эргэн очжээ. Гуравдугаар сард явуулсан судалгаанаас үзвэл ирэх жил Сири лүү дүрвэгсдийн 2.4 хувь нь буцах гэнэ. Үүний сацуу 70 хувь нь хэзээ нэг цагт эх орондоо очихоо мэдэгдсэн байна.