АНУ-ын Нью-Йорк хотод үргэлжилж буй “US Open” тэмцээний үеэр хэний ч үл таних нэгэн теннисчин дуулиан дэгдээж байна. Тэр бол Лейла Фернандес. Энэ жил 19 настай канад тамирчин тус тэмцээнд хоёронтоо түрүүлж байсан Н.Осака, 2016 оны аварга А.Кербер, дэлхийн чансааны тавд бичигдэж буй Э.Свитолина нарыг ялж, хагас шигшээд шал гараад байгаа юм. Теннисний ертөнцөд гэнэт тодрон цахиур хагалж буй Лейлагийн тухай таван баримтыг сонирхуулъя.
- Лейла Анни Фернандес Канадын Монреаль хотод 2002 оны есдүгээр сарын 6-нд мэндэлжээ. Аав Хорхе нь Эквадор гаралтай, мэргэжлийн хөлбөмбөгч асан бол ээж Ирен нь Филиппин гэр бүлд төржээ. Гурван хүүхдийн дундах нь болох Лейла англи, франц, испани хэлийг бүрэн эзэмшсэн. Охин багаасаа спортод дурлаж, хөлбөмбөг, волейбол, хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан ч эцэстээ теннисийг сонгосон аж. Одоогоор аав нь түүнийг дасгалжуулж байна.
- 17 настайдаа мэргэжлийн теннисчин болсон Лейла 2019 онд ганцаарчилсан төрөлд анхны цомоо (Gatineau сhallenger тэмцээн) хүртэв. Мөн Францын нээлттэй тэмцээний залуучуудын ангилалд аваргалсан. “Их дуулга” тэмцээнүүдэд дээд тал нь гуравдугаар тойрогт шалгарсан бол дэлхийн чансаанд хамгийн ихдээ 66 дугаар байрт бичигдэж байлаа.
- 168 см өндөртэй Л.Фернандес мэргэжлийн теннисчид дундаа намханд орно. Гэвч тэрбээр өөрөөсөө өндөр өрсөлдөгч нарын эсрэг хүч, ур ухаанаар тэмцэж сурсан юм. Ялангуяа нэрт теннисчин Ж.Эниний (167 см) бичлэгийг үзэж, түүний тоглолтоос их зүйлийг сурч авсан гэдгээ тэрбээр нэгэн ярилцлагадаа дурдсан нь бий. Лейла мөн Л.Месси, С.Кросби, У.Грецки, А.Томас нараас суралцаж, үлгэр дуурайл авдаг аж.
- Л.Фернандес Токиогийн олимпын наадамд Канад улсаа төлөөлөн оролцсон ч Чехийн Б.Кречиковад ялагдан тэмцээнээ дуусгажээ. Тэрбээр өчигдөр Э.Свитолинаг ялж, хагас шигшээд шалгарснаар “Их дуулга”-ын нэг тэмцээнд дэлхийн чансааны эхний тавд бичигдсэн хоёр тамирчныг ялсан хоёр дахь залуу теннисчин болов. Чансааны гутгаар байрт бичигдэж буй Н.Осакаг Лейла өмнө нь хожоод байсан юм. Түүнээс өмнө ийм амжилтад С.Уильямс 17 настайдаа хүрч байлаа. Серена 1999 оны “US Open”-д М.Селеш (чансаа нь 4), Л.Дэвенпорт (2), М.Хингис (1) нарыг ялж аваргалсан түүхтэй.