Ойрын хугацаанд спорт сонирхогчидыг ФИФА болон УЕФА хоорондын ээлжит сөргөлдөөн, эсвэл хөлбөмбөгийн ертөнцийг тэр чигт нь өөрчлөх агуу шинэчлэл хүлээж байна. Хэргийн гол учир нь ФИФА хөлбөмбөгийн ДАШТ-ийг (эрэгтэй, эмэгтэй хоёуланг) өнөөгийнх шиг дөрвөн жилд бус хоёр жил тутам зохион байгуулахыг хүсэж байгаа юм. Энэ талаарх анхны яриа өнгөрсөн тавдугаар сард гарсан агаад “эх үүсвэр” нь Саудын Арабын хөлбөмбөгийн холбоо байв. Тухайн үед Евро-2020, Токиогийн олимп дөхөж байсан тул эл санаа олны анхаарлыг төдий л татаагүй юм. Харин саяхнаас уг санал илүү дээд түвшинд яригдаж эхэлжээ. Английн “The Guardian” сонинд бичсэнээр бол эл санаачилгыг Саудын Арабын эрх баригчидтай сайн харилцаатай ФИФА-ийн ерөнхийлөгч Ж.Инфантино дэмжиж байгаа гэнэ. Энэ талаарх шийдвэр арванхоёрдугаар сард гарна гэж найдаж буйгаа ФИФА-ийн хөлбөмбөгийн олон улсын хөгжлийн албаны даргаар ажиллаж буй А.Венгер илэрхийлсэн юм. Түүнчлэн шинэчлэлийн хүрээнд ДАШТ-ий эрхийн тэмцээнийг аравдугаар сард зохион байгуулахыг тэрбээр санал болгожээ. Эл шинэчлэлийг нэрт хөлбөмбөгч асан М.Оуэн, Я.Туре нар дэмжиж буйгаа илэрхийлээд байна.
Харин ФИФА-ийн албаны хүн “Sky Sports”-т өгсөн ярилцлагадаа “ДАШТ-ийг хоёр жилд нэг удаа явуулснаар хөлбөмбөгт үзүүлэх нөлөөллийг нь судлахыг өнгөрсөн тавдугаар сард холбооны гишүүн 166 улс зөвшөөрсөн. А.Венгерийн тэргүүлсэн зөвлөх үйлчилгээний багийн ажиллагаа үргэлжилж буй бөгөөд ойрын саруудад сонирхсон голлох талуудтай, тэр дундаа ФИФА-ийн гишүүн улсуудтай зөвшилцөнө. Энэ талаар өөрсдийн байр сууриа эергээр илэрхийлж ярилцахыг бүх талуудаас ФИФА хүсэж байна. Дэлхийн даяар хөгжөөн дэмжигчидтэй өргөн хэмжээний санал солилцох арга хэмжээ явагдах бөгөөд энэ бүхний үр дүнг бид товлосон хугацаандаа танилцуулна” гэж дурджээ. Нийт 166 гишүүн улс гэдэг бол маш их тоо. ФИФА өдгөө 211 гишүүнтэй учир гишүүдийн гуравны хоёроос илүү нь эл санааг сонирхож байна гэсэн үг юм. 55 гишүүнтэй УЕФА-ийн зарим гишүүн улс ч ДАШТ-ийг хоёр жилд нэг удаа явуулах санааг дэмжиж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ хөлбөмбөгийн тэргүүлэх лигүүд эл санаачилгын эсрэг байгаа нь тодорхой болсон. Тэмцээний хуваарь, ачаалал дэндүү их учраас тэр. Харин ДАШТ-д тоглох боломж нь нэмэгдэх учраас Африк, Азийн хөлбөмбөгийн холбоод ФИФА-ийн саналыг дэмжих магадлал өндөр билээ.
УЕФА ГАЙХАВ
УЕФА эл асуудалд шуурхай бөгөөд эрс хариу өгсөн. Тус байгууллагын тэргүүн А.Чеферин “Football Supporters Europe” байгууллагад илгээсэн захидалдаа “Ихээхэн гайхширал төрүүлж буй энэ шинэчлэл нь хөлбөмбөгийн тэмцээн, уралдаанд маш их нөлөөлөх учраас ФИФА өөрсдийн саналыг ажил хэрэг болгохын тулд пи-ар ажиллагаа хүчтэй өрнүүлэх магадлалтай. Гэвч одоогоор олон улсын, үндэсний холбоодод, лиг, хөлбөмбөгийн нийгэмлэгийн гишүүдэд албаны ёсны ямар нэг баримт бичиг ирээгүй” хэмээжээ.
“Football Supporters Europe” ч дээрх санаачилгыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн бөгөөд “Хөлбөмбөгт шинэчлэл ус, агаар шиг дутагдаж байгаад эргэлзэх зүйлгүй. Гэхдээ ДАШТ-ийг явуулах тоог хоёр дахин нэмэгдүүлээд одоо байгаа асуудлыг огт шийдэж чадахгүй. Харин ч байдлыг улам муутгана” гэж тус байгууллагын тэргүүн Р.Ивейн ярьжээ.
Түүний ярианд үндэслэл бий. 2018 оны ДАШТ-ээс ФИФА 4.6 тэрбум ам.долларын орлого олсноос ашиг нь 1.8 тэрбумд хүрсэн. Хоёр жил тутам ийм ашигтай ажиллах нь цаашдаа тун эргэлзээтэй болж эхлэх юм.
Эцэст нь өгүүлэхэд, ДАШТ-ийг хоёр жил тутамд зохион байгуулах санал дэмжигдвэл 2030 оноос хэрэгжих боломжтой. Учир нь 2022 оны тэмцээн Катарт, 2026 оных АНУ, Канад, Мексик улсад болох бөгөөд 2030 оны ДАШТ-ийг зохион явуулах хүсэлтэй улсуудын саналыг ФИФА хүлээн авч байгаа юм.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар