Дэлхийн шатрын холбооноос www.chess.com сайтад зохион байгуулж буй цахим олимпиадын тэргүүн хэсгийн тоглолт өчигдөр эхэллээ. Энэ сарын 15-нд өндөрлөх олимпиадад 40 улсын шилдэг баг тамирчид дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Манай тамирчид эх орноо төлөөлж Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ч.Баттүвшин, С.Ган-Од нарын удирдлагад оюун ухаанаа сорьж буй. Монголын шатарчид 2018 онд эрэгтэй, эмэгтэйчүүдийн багийн нэгдсэн дүнгээр Ази тивд эхний таван байрт шалгарч, тэргүүн хэсгийн тоглолтод шууд оролцох эрхтэй болсон юм. Тус олимпиадын дараа Зүүн Азийн өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын аварга шалгаруулах цахим тэмцээнийг охидын ангилалд 24-26-нд, хөвгүүдийнхийг ирэх сарын 1-3-нд зохион байгуулах юм. Сонирхуулахад, Монголын шатрын холбооныхон Эфстрашиос Гривасын бүтээл “Хос тэмээ” номын эхийг худалдан авч, орчуулан олны хүртээл болгосон. Эл номын үлдэгдэл төлбөр болох 3000 евро төлөгдөөгүйн улмаас зохиогчийн хүсэлтээр манай холбоог Дэлхийн шатрын холбооноос нэг жилийн хугацаатай эрх түдгэлзүүлэх шийдвэр гаргаад байв. Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Түвшин Удирдах зөвлөлийг шуурхай хуралдуулж, төлбөрийг шилжүүлснээр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэхээр болжээ.