Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатарын дулаан хангамжийн төслөөр хотын дулааны 8 дугаар магистралийн шугамыг өргөтгөн шинэчлэх, 5 ба 12 дугаар магистралийн холбоос 600 мм голчтой шугам шинээр барих 4 багц ажлыг өнгөрсөн долдугаар сарын 3-нд эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар дээрх ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төлөвлөсөн хуваарийн дагуу шугам угсралтын ажил энэ сарын 15-нд, нөхөн сэргээлтийн ажлыг аравдугаар сарын 15-нд дуусгах гэнэ. Улмаар “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр төслийн барилга угсралтын ажилд ашиглагдах ган хоолой болон бусад үндсэн тоноглолуудын нийлүүлэлт хил дээр саатсан хэдий ч шуурхай арга хэмжээг авчээ. Үр дүнд нь эхний ээлжийн 744 метр шугамын ажлыг гүйцэтгэж хугацаанаас нь өмнө буюу өнгөрсөн наймдугаар сарын 27-нд ажиллагаанд залгажээ. Ингэснээр Баянгол дүүргийн V, VI хорооны нутаг дэвсгэр 10 дугаар хорооллын нийт хэрэглэгчдийн 90 хувь буюу 39 орон сууцны 3250 айл өрхийг хэрэглээний халуун усаар хангажээ. Мөн I хорооллын Саппоро, Цамбагарав худалдааны төв орчмын хэрэглэгчдийг хэсэгчлэн залгасан гэнэ. Энэ хэсгийн шугамыг залгаснаар нийт 15 орон сууцны 2940 айл өрх холбогдох юм. Төслийн “Багц 1”-ийн хүрээнд гүйцэтгэж байгаа 840 хос метр шугамын угсралтыг нөгөөдөр буюу 2021 оны есдүгээр сарын 11-ний өдөр дуусгаж, ашиглалтад оруулснаар 16 орон сууц, 2710 айл өрх, 20 аж ахуйн нэгжийг залгаж нийт 70 орон сууц, 8900 айл өрх, 30 аж ахуйн нэгжийг хугацаанаас нь өмнө дулаанаас хангах боломж бүрдэнэ.
Улаанбаатар хотын дулаан хангамжийн төсөл хэрэгжсэнээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023/, Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн биелэлтийг хангах, Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу бий болох орон сууцны хороолол, нийгэм ахуйн барилга байгууламжууд, бага, дунд чадлын халаалтын зуухтай газруудыг төвлөрсөн дулаанд холбоно. Мөн дулаан хангамжийн системд орчин үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж үр ашгийг дээшлүүлэх юм. Уг төсөл нь төвлөрсөн дулаан хангамжийн системд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд анх удаа хийж буй гаднын томоохон хөрөнгө оруулалт бөгөөд Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас манай улсын эрчим хүчний салбарт хамтран ажиллаж байгаа анхны төсөл гэдгээрээ онцлог юм.