Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ц.Жавхланбаатарыг ажлаас нь чөлөөлж, оронд нь хүн томилох саналаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тус штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт хүргүүлсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргаар Г.Сайханбаяр сайд өөрийнхөө удирдлагад ажиллаж байсан өдгөө БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд буй хурандаа С.Ганбямбыг томилуулах санал гаргасан аж. С.Ганбямбын хувьд ҮБХИС төгсөн цэргийн анги, салбарт ажиллаж байгаад Батлан хамгаалах удирдлагын акедеми, ОХУ-д ЗХЖШ-ын академи, Туркт мөн цэргийн сургууль дүүргэсэн нэгэн гэнэ. Шат шатны сургууль төгсөн БХЯ-нд улсын дайчилгаа хариуцсан албан тушаал хашиж байгаад өнөөгийн албан тушаалдаа томилогдсон юм байна. Түүний ХАСХОМ-ийг АТГ-ынхан өчигдөр хянаад ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргын албан тушаал хашихад ашиг сонирхлын зөрчилгүй гэж дүгнэснийг эх сурвалжууд батлав.
БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргын албан тушаалд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Ч.Гандирвааг томилохоор болж буй сурагтай.
Харин ажлаасаа чөлөөлөгдөхөөр болоод буй бригадын генерал Ц.Жавхланбаатарын хувьд өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар цэргийн дээд цол хүртсэн нэгэн. ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч даргын албан тушаалын шаардлага хангахгүй, залилангийн болон хахуулийн хэрэгт холбогдон шалгуулсан учраас батлан хамгаалах салбарынхан ам муутай байдаг билээ. Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, дэд хурандаа Д.Жаргалсайханыг чөлөөлж, оронд нь БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Х.Батсайханыг томилж магадгүй гэх яриа тус яам болон ЗХЖШ-ынхны дунд байна.
Бэлтгэсэн Д.Дайчин