Татварын ерөнхий газар (ТЕГ)-ын дэд дарга Д.Цогтжаргалд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэллээ. Гэхдээ цахим мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнчлэн албадан саатуулаагүй гэдгийг албаны эх сурвалжууд баталсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан” гэх үндэслэлээр хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ сарын 7-нд гэр, албан өрөөнд нь хууль сахиулагчид нэгжлэг хийсэн аж.
Бидэнд олдсон мэдээллээр ТЕГ-ын дэд дарга Д.Цогтжаргал эрх мэдлээ урвуулан татварын байцаагчдын хяналт шалтгалтаар тогтоосон акт, нөхөн төлбөр, хүү, алдангийг бууруулан танил талдаа давуу байдал олгож байсан гэх хэрэгт холбогдсон бөгөөд урьдчилсан байдлаар цөөнгүй компанийн улсад төлөх ёстой татварын хувь хэмжээг багасгасан нь тодорхой болсон гэнэ.